Их зохиолч Д.Нацагдоржийн амьдарч байсан он цагаар аялуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-11-18 17:33:06

“Ардыг гэгээрүүлэх, Эрүүлийг хамгаалах яамнаас ардын гэгээрлийн ажил хэрэгт он удтал, онц идэвх зүтгэлийг чармайн гаргаж ажилласаар ирсэн нөхөр Нацагдорж таны ажлын бүтээлийг илэрхийлж, дурсгалын мөнгөн тэмдэгт бичгийн саваар шагнав” гэсэн бичээс бүхий хар ширэн цүнх, Д.Нацагдоржийн хэрэглэж байсан “Орос-Монгол хэлний нэр томъёоны тайлбар толь” үзэсгэлэнгийн танхимд хүндтэй байр эзэлнэ.

Орчуулагч, төр нийгэм, улс төрийн болон соёлын зүтгэлтэн Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан “Дашдоржийн Нацагдоржийн амьдрал, уран бүтээл” үзэсгэлэнг өнөөдөр Монголын Үндэсний музейд нээлээ.

Үзэсгэлэнд Монголын Үндэсний музей, Хэл зохиолын хүрээлэн, Архивын ерөнхий газар, Үндэсний номын сан, Зохиолчдын эвлэлийн хороо, Нацагдоржийн гэр музейд хадгалагдаж буй их зохиолчийн “Миний нутаг”, “Үзэгдээгүй юм” зэрэг зохиолын гар бичмэл, “Капитал”, “Алтан цох” зохиолын орчуулга, их зохиолчийг мөнхжүүлсэн ховор нандин гэрэл зураг, архивын баримт, биет эд өлөг, ном бүтээл зэрэг 150 гаруй үзмэрийг нэг дор дэлгэснээрээ онцлогтой.

Монголын Үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Эгиймаа хэлэхдээ,  “Үзэсгэлэнд зохиолч, судлаачдын дор бүрээ хэвлүүлж байсан 20 гаруй гэрэл зураг анх удаа нэг дор, Д.Нацагдоржийн охин Ананда Ширигийн гэрэл зураг болон түүний өөрийнх нь зурсан зураг, Архивын ерөнхий газарт хадгалагдаж буй 50 гаруй баримтын 20 гаруй нь анх удаа үзэгчдийн хүртээл болж байна. Судлаачдын хувьд танигдсан түүхийн тасгийн эрхлэгч, дуун ухааны тасгийн эрхлэгчийн ажлыг хавсарч хийж байсан гэдгийг 1930-1940 оны тогтоол, шийдвэр тушаал зэрэг архивын баримтаас мэдэх боломжтой. Монголын пионерийн байгууллагын үүсгэн байгуулагч, тэдний уриа болсон “Бүхий олон багачууд” дуу, “Миний нутаг” шүлгийн гар бичмэлийг анх удаа дэлгэлээ. “Миний нутаг” шүлгийг 30 гаруй орны хэлээр хөрвүүлсэн байдаг. Судлаачид их зохиолчийг 200 гаруй бүтээл туурвисан гэж үздэг. Үүний зэрэгцээ орос хэлнээс “Капитал”, Герман хэлнээс “Алтан цох” зэрэг бүтээл хөрвүүлсэн маш сайн орчуулагч төдийгүй олон бүтээлийг редакторласан. Үзэсгэлэнд түүний амьдарч байсан 1920-1940-өөд оны эхэн үеийн уур амьсгалыг харуулах гэж монгол бичгээр улаан даавуун дээр бичих, тухайн үеийн урлагийн тайзыг дэглэхийн тулд таван хошуу зурах зэргээр бүгдийг шигтгэж өгсөн. Мөн тэрбээр 31-хэн насыг наслахдаа чамгүй их ажлыг амжуулсан гэдгийг харуулахыг зорилоо” гэв.

Мөн түүний бичгийн ширээ, номын тавиур, хөөрөг, өмсч хэрэглэж байсан орос цамц, малгай, 80 гаруй жилийн настай “Орос-Монгол хэлний нэр томъёоны тайлбар толь” хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байв. Их зохиолчийн хэрэглэж байсан, Зөвлөлт Социалист  Бүгд Найрамдах Автономит Буриад Монгол Улсын Эрдмийн зөвлөлөөс 1929 онд эрхлэн хэвлүүлсэн уг толийн өмнөх үгийг Б.Барадин бичиж, Г.Р.Ринчено нар хамтран редакторлажээ. Толь бичигт герман хэлээр үг нэг бүрчлэн гараар тэмдэглэгээ, орчуулга хийсэн байна. Энэ толь бичиг одоогоор судалгааны эргэлтэд бүрэн ороогүй байгаа гэдгийг тайлбарлагч хэлсэн юм.

Тус үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻