“Халх сээтэн малгай”-г уламжлалт эсгүүр, технологиор үйлдвэрлэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНУлаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийн санаачилгаар “Өвлийн өнгө” үзэсгэлэн худалдаа Орхон аймгийн “Уурхайчин” соёлын ордонд гарч байна.
Үүнд 60 гаруй үйлдвэр эрхлэгчдийн бүтээл тавигджээ. Ноос, ноолуур, арьс шир, үслэг эдлэл, үндэсний хувцас зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүн байна. Үүнээс “Минжин сор” компанийн “Халх сээтэн малгай” олны анхаарлыг татаж байлаа. Уг малгайг уламжлалт эсгүүр, технологиор ширлэж урласан бөгөөд 8, 16, 32, 64 ширээстэй гэнэ.
Малгайны ширээсийн тоогоор нь тухайн хүний насыг тодорхойлж болдог байна. Өөрөөр хэлбэл, 30-аас дээш насныхан 32, 60-аас дээш насныхан 64 ширээстэй малгай өмсдөг байжээ. Энэ уламжлалыг сэргээх, хадгалах зорилгоор “Минжин сор” ХХК өөрийн брэнд бүтээгдэхүүнээрээ уг үзэсгэлэнд оролцож байна. Дээрх үзэсгэлэн худалдаанд Монголд үйлдвэрлэсэн олон нэр төрлийн бүтээгдэхүүн байлаа.
Ялангуяа монголынхоо зах зээлийн 60 гаруй хувийг хангаж байгаа “Тод”, “Янмал”, “Гэр” брэндийн оймс борлуулалт сайтай байна. Монгол хонины ноос, ноолуур, даавуугаар хийсэн дээрх брэндийн оймс хэрэглэгчдийнхээ таашаалд нийцэхийн зэрэгцээ хүний эрүүл мэндийг дэмжсэн, чийг татдаггүй, дулаан, зөөлөн, удаан эдэлгээтэй зэрэг давуу тал олонтой юм. Үзэсгэлэн худалдаа 18-20 хүртэл гарна.
Б.Оюун-Эрдэнэ