Швейцарын хүн амын тоог хязгаарлах санаачилгыг дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-12-08 10:53:36

ЖЕНЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /TASS/. Швейцарын иргэдийн 50 шахам хувь нь хүн амын тоог 10 саяд хязгаарлах тухай тус улсын улс төрийн хамгийн том хүчин болох Швейцарын ардчилсан намын (ШАН) саналыг дэмжиж байгааг LeeWas судалгааны хүрээлэнгээс 20 Minuten сонин, Tamedia медиа группийн захиалгаар явуулсан санал асуулгын дүн харуулжээ.


Швейцарын хүн амын хурдацтай өсөлт олон жилийн туршид маргааны сэдэв болсоор ирсэн байна. Үүнтэй холбогдуулан парламент дахь ШАН-ын гишүүд 2050 он хүртэл хүн амын тооны дээд хязгаарыг Үндсэн хуульд тусгах, 10 сая хүнээр хязгаарлах санаачилга гаргажээ. Энэхүү санаачилгыг ирэх 2026 оны зун бүх нийтийн санал хураалтаар хэлэлцүүлэх төлөвтэй байна. Хэрэв санаачилга дэмжигдвэл Швейцарын эрх баригчид цагаачлалын тухай хуулийг чангатгах шаардлагатай болно.


Санал асуулгад оролцогчдын 48 хувь нь ШАН-ын санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол 41 хувь нь эсэргүүцжээ. Харин 11 хувь нь тодорхой хариулт өгөөгүй байна. Уг санал асуулгыг  11 дүгээр сарын 27-30-ны хооронд  11 мянга орчим хүний дунд явуулжээ. 


Швейцарын Статистикийн газраас мэдээлснээр, энэ оны хоёрдугаар улирлын байдлаар тус улсын байнга оршин сууж буй хүн амын тоо анх удаа 9 саяас давжээ. Энэ үзүүлэлтэд оршин суух эрх хүсэгчдийн тоог тооцоогүй бөгөөд сүүлийн 12 жилийн хугацаанд хүн ам 8 саяас 9 саяд хүрсэн гэж дурдсан байна.




相关新闻