БНЭУ-ын эмнэлэгтэй хавдрын эмчилгээ, оношилгооны чиглэлд хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2025-12-11 16:48:20

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн хөгжлийн төв БНЭУ-ын “Аполло” эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.


Санамж бичигт ЭМХТ-ийн захирал М.Одгэрэл, БНЭУ-ын Аполло (Apollo Hospitals enterprise Ltd) эмнэлгийн дэд ерөнхийлөгч Др Картик Анантараман өнөөдөр гарын үсэг зурлаа. Ингэснээр хоёр орны эмнэлгүүдийн хавдрын тусламж үйлчилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэн, хавдрын эмчилгээний орчин үеийн дэвшилтэт технологи, ахиц дэвшлийг монголын мэргэжилтнүүдэд танилцуулж, мэргэжлийн түвшинд хэлэлцүүлэг өрнүүлэх, мэс засал, хавдар судлал болон бусад чиглэлийн эмч нарыг чадавхжуулах ажээ.


Үүний жишээ болгож өнөөдөр “Хавдрын эмчилгээний сүүлийн үеийн дэвшил” сургалт зохион байгуулж, “Аполло” эмнэлгийн эмч нар протон эмчилгээний талаар хичээл зааж, манай улсын төрөлжсөн эмнэлгүүдийн мэс заслын 50 эмч хамрагдлаа.


Мэдрэл, зүрх, уушги, элэгний хавдрын оношилгоо, эмчилгээ, мэс заслын чиглэлээр 70 гаруй улсаас өвчтөн хүлээн авдаг “Аполло” эмнэлгийн дэд ерөнхийлөгч Картин Анантараман ярихдаа, “Манай эмнэлэг эрүүл мэндийн аялал жуулчлалаар дэлхийд гуравдугаарт бичигддэг. Өвчтөнүүдээ хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор эмчилдэг. Тухайлбал шинэ технологийн тусламжтайгаар хөхний хавдрыг эмчлэхдээ хөхийг бүрэн авахгүйгээр толгой орчмын арьс болон өөрийнх нь мэдрэмжийг хэвээр үлдээн эмчилж байна. Умайн хавдрыг дахин хүүхэд төрүүлэх боломжтойгоор эмчлэх болсон. Түрүү булчирхайн хавдрыг мөн мэдрэлийн судсыг нь авч үлдэн, бэлгийн үйл ажиллагааг хэвийн авч үлдэж чадаж байгаа. Манай эмнэлгийн үйлчилгээ БНХАУ, ОХУ, БНСУ-ыг бодвол үнэ харьцангуй хямд бас чанартай” хэмээн эмчилгээ, үйлчилгээнийхээ давуу талыг тодотгож байв.


Тэрбээр, “Манай эмнэлэг мэс заслын бүртгэлийн систем ашигладаг. Үүнийгээ монголчуудад өгч болно. Энэ системээр хавдрын өвчтэй хүмүүсээ бүрэн хянаж болдог. Монголын эмч нарыг эрхтэн шилжүүлэн суулгах, өвдөгний үе солих, зүрх, уушги, элэг шилжүүлэн суулгах чиглэлээр сургах боломжтой” гэлээ.


ЭМХТ-ийн захирал М.Одгэрэл, “Монгол, Энэтхэг хоёр улс дипломат харилцаа тогтоосон 70 жилд найрсаг сайхан харилцаатай байж ирсэн. Тэр дундаа эрүүл мэндийн харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлсэн байдаг. Эмчилгээний дэвшилтэт технологи ашигладаг Энэтхэг эмчлүүлэхэд эдийн засгийн хувьд тохиромжтой, чанартай үйлчилгээ үзүүлдэг учир монголчууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах дуртай байдаг. Энэ чиглэлийн тусламж үйлчилгээний эмч, мэргэжилтэн сургах, гэрээ хийлээ. Гэрээний дагуу үр дүнтэй, сайн хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэж итгэж байна” хэмээсэн юм.


Манай улсын 32096 хүн өнгөрсөн онд хорт хавдрын өвчлөлийн улмаас хяналтад байгаагийн 8169 нь шинээр бүртгэгджээ. Хавдрын хяналтад байгаа хүмүүсийн 1.8 хувь буюу 608 нь 19 хүртэл насны хүүхэд бол тэдний 148 нь өнгөрсөн онд шинээр бүртгэгдсэнийг ЭМХТ мэдээлэв.


Хорт хавдрын 28.9 хувь нь элэг, 16.2 хувь нь ходоод, 6.7 хувь нь уушги, гуурсан хоолой, 6.4 хувь нь умайн хүзүүний, 5.1 хувь нь бүдүүн шулуун гэдэснийх байжээ. Эрчүүдийн дунд элэг, ходоод, уушги, гуурсан болон улаан хоолой, бүдүүн шулуун гэдэснийх, эмэгтэйчүүдийн дунд элэг, умайн хүзүү, ходоод, хөх, бүдүүн шудлуун гэдэсний хорт хавдар зонхилох шалтгааны эхний тавд бичигддэг ажээ. 


相关新闻