БАЯНХОНГОР: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй, туршлага хуваалцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-12-17 16:11:20
Баянхонгор, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын урилгаар энэ сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нарын баг Баянхонгорт ажиллажээ.

Орон нутагт ажиллах бүрэлдэхүүнд хүүхдийн сэргээн засахын эмч, чих хамар хоолойн эмч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сэтгэл зүйч нар багтжээ.
Ажлын багийнхан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг үзлэг оношилгоонд хамруулах, тэдэнтэй ажиллах арга зүйн туршлага хуваалцах, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт арга зүйгээр хангах ажлыг зохион байгуулсан байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх болон өрхийн эмч нарт сургалт зөвлөгөө мэдээллийг өгч, протез үнэлгээ зэргээр 76 хүүхдэд үзлэг хийж, зөвлөгөө өгсөн байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв нь тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг олон улсын жишгээр, үндэсний хэмжээний мэргэжил арга зүйн төв болон ажилладаг. Тус төв хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч, хүүхэдтэй ажиллах мэргэжлийн боловсон хүчний мэдлэг, ур чадварыг сайжруулах сургалтыг зохион байгуулж иржээ.

Сэргээн засахын эмч болон хүүхдийн эмчийн үзлэгт хамруулан оношилгоо хийж олон улсын стандартын дагуу эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засал, хэл засалч, нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, хоол зүйч зэрэг мэргэжилтнүүдээс бүрдсэн баг сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлдэг байна.
相关新闻