БАЯНХОНГОР: Ирэх оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-12-18 11:25:01
Баянхонгор, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн сургалтын байгууллагууд 2025 онд хийсэн ажил, ололт амжилтаа дүгнэж, ирэх жилийн ажлаа төлөвлөн, цаашид анхаарах асуудлаа хэлэлцлээ. “Боловсрол-2025” үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир ахлагчтай ажлын баг оролцов.

Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо "MNS ISO 21001:2021" стандартын гэрчилгээ гардан авах Монгол Улсын төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд тодорсон. Хөндлөнгийн, хараат бус аудитын байгууллага баталгаажуулснаар Баянхонгор аймгийн Номгон, Эрдэм, Соого сейко, Баян-Ойт, Эрдэнэмандал сургуулиуд боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо "MNS ISO 21001:2021" стандартын гэрчилгээг гардан авлаа. Ажлын хэсгийнхэн тус батламжийг гардуулж, Монгол Улсын Зөвлөх зэрэг хамгаалсан 10 багшид мөн гэрчилгээг олгов.

Боловсролын сайдын 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн "Журам шинэчлэн батлах тухай" А/95 дугаар тушаалаар баталсан "Ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтанд мэргэшлийн зэрэг олгох журам"-ын шалгуур, шаардлагыг хангасан Баянхонгор аймгийн 10 багш Монгол Улсын зөвлөх багшийн мэргэжлийн зэргийн үнэмлэхээ ийнхүү гардан авсан юм.

Ажлын багийг аймгийн Засаг дарга Э.Энхбат, Засаг даргын орлогч Б.Наранбаяр, Боловсролын газрын дарга Л.Аюурзана нар хүлээн авч уулзан, боловсролыг дэмжих чиглэлээр ирэх жилийг нэрлэсэн жил болгож, улмаар улсын математикийн олимпиад, физикийн олимпиадуудыг жил дараалан зохион байгуулж, Баянхонгор хотыг суралцагч хот болгохоор төлөвлөсөн зэрэг боловсролын чиглэлээр хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар мэдээлэл өгч, санал солилцсон байна.

Баянхонгор аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаад байна.



相关新闻