БАЯНХОНГОР. Энэ сарын 19-нөөс хүйтний эрч эрс чангарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн УЦУОШТ-ийн Өртөө, харуулын цасны зузааны мэдээгээр Байдраг 12 см, Галуут 9 см, Бөмбөгөр, Баянхонгор, Эрдэнэцогт 5 см, Бууцагаан, Шаргалжуут, Хүрээмарал 4 см, Баянбулаг, Баянговь, Баян-Өндөр, Баянлиг, Гурванбулаг, Шинэжинст, Хуучинжинст, Богд 1-3 см цастай байна.
Өчигдөр өдөр Галуут, Байдраг, Гурванбулаг -15 -18 градус, хангайн бусад нутгаар -7 -10 градус, тал хээр, говийн нутгаар -3 -8 градус, Алтайн салбар уулсын нутгаар 1 градус дулаанас -1 градус хүйтэн, хамгийн дулаан нь Баянцагаан 1 градус дулаан байжээ. Харин өнгөрсөн шөнө хангайн уулархаг нутгаар -14 -24 градус, говийн нутгаар -12 -16 градус, Алтайн салбар уулс болон хээр тал -6 -15 градус хүйтэн, хамгийн хүйтэн нь Байдраг -24 градус хүрч хүйтэн хоносон байна.
Өнөөдөр нутгийн зарим газраар ялимгүй цас орно. 18, 19-нд Алтайн салбар уулс болон говийн нутгаар 12-14 метр, зарим үед 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.
Энэ сарын 22-ны өдрийг хүртэл агаарын температур хангайн уулархаг нутгаар шөнөдөө -32 -37 градус, өдөртөө -22 -27 градус, Алтайн салбар уулсын нутгаар шөнөдөө -21 -26 градус, өдөртөө -9 -14 градус, бусад нутгаар шөнөдөө -22 -27 градус, өдөртөө -12 -17 градус хүйтэн байна.
19-нөөс хүйтний эрч эрс чангарна.
Ulaanbaatar