БУЛГАН: Х.Нэргүй: Мал бол хүний сэтгэлийг дагаж өсдөг амьтан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-12-24 12:58:53

Булган, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Малд дуртай хүн л хөдөө гарах хэрэгтэй, малыг хайрлах тусам л өсөж, сэтгэл дагаж арвиждаг буян хишгийн ундрага хэмээн ярих Булган аймгийн Сайхан сумын малчин Хаянхярваагийн Нэргүй, гэргий Ганбаатарын Буянтогтох нартай уулзаж ярилцлаа. 


Тэд  гэрлээд 17 жил болж байгаа. 2007 онд анх гэр бүл болохдоо 46 толгой малтай өрх тусгаарлажээ. Тэндээс л хоёулаа "Болно доо, өсгөнө дөө" гэсэн сэтгэлээр зүтгэж хөдөлмөрлөсөөр 2023 онд мянгат малчин, сумын аварга малчин, 2025 онд аймгийн аварга малчин болсон төдийгүй "Стимо" ХХК-ийн малыг түрээсээр хариулж нэг суурь хонио долоон суурь болгон өсгөж өгсөн хөдөлмөрч хичээнгүй малчин түмний төлөөлөл юм.


-Танайх хаагуур нутаглаж байна вэ?

-Манайх Сайхан уулынхаа өвөрт нутаглаж байна

-Ямар төрлийн мал илүү өсгөж байна?

-Хонь, адуу, үхэр, ямаа гэсэн дөрвөн төрөлд мал сүргээ  өсгөж байна.

-Танай ам бүлийн хэрэгцээнд хүрэлцээтэй байна уу?

-Хүрэлцээтэй. Борлуулалтаа ер нь төлөндөө бариулаад болгодог.

-Бэлчээрийн даац хэр байна?

-Ер нь тааруухан талдаа байгаа.

-Амьдралынхаа дурсамжтай үйл явдлыг сөхвөл?

-Сайхан дурсамж бишгүй л бий, заримыг нь ч бүр ор тас мартчихдаг юм.

Тээр  жилийн нэг өглөө бостол хурга бүр эхтэйгээ байлаа. Харин нэг хурга огт эхгүй, хажууд нь нэг хонь  ихэр хургатай байна. Эхгүй хургаа нөгөө хоёр ихрийнхээ хажууд аваачаад тавихаар эх нь долоогоод л сүйд, тэгсэн манай нөхөр яаж ер нь хоёр хөхтэй малаас гурван хурга гарах юм гээд л эхийг нь хайгаад байлаа.

Тэгэхээр нь би юмыг яаж мэдэх вэ дээ гурван өндгөн эс ялгарсан ч юм билүү гээд... тэр жил гурван ихэр хургатай болох гэж паянтай л юм болсон доо. Аргагүй л гурван ихэр байсан хоорондоо хачин адилхан.

-Таны мал маллах арга туршлага?

-Зуны өглөө сэрүүнд илүү идүүлнэ. Өвөл бол жаварт гүйлгэхгүй, ер нь өөрөө л байнга авч явж малаа дагаж, хаана нөмөр  байна хаагуур явахад жаварлаг байна гэдгийг биеэрээ мэдэрч л бэлчээр, ус ургамал, идшийг тааруулдаг.

Цас  их ухуулахгүй аль цас нимгэнтэй газраар нь хариулдаг юм. Үхэр, адуу бэлчээрээрээ хонийг бол жинхэнэ гардан хариулна. Манайх Сайхан уулын өвөрт байдаг болохоор нутаг их сайхан. Мал гэдэг үнэхээр хөөрхөн шүү дээ, шөнө унтаад босоход л ямар хөөрхөн юмнууд хотонд гарчихсан байх бол гэж бодохоор нойр хүрдэггүй .

-Өвөлжилтийн бэлтгэлээ хэр хангасан бэ?

-Өвс, ногоон тэжээл байнга худалдаж авна. Өвөлжилтийн бэлтгэл сайн хийдэг,  санхүү ч сайн зарцуулдаг

-Малчин хүний жаргалтай үе нь хэзээ вэ?

-Тэнгэр хангай сайхан, онд бүрэн орох л малчин хүний жаргал даа.

-Малынхаа эрүүл ахуйд хэрхэн анхаарч байна?

-Тариа туулгаа цаг тухайд зөв хийгээд, тарга хүчийг сайн авхуулчихвал өвчлөл тийм их биш ээ.

-Хөдөөгийн ажлаас залхаж байв уу?

-Үгүй ээ малдаа дуртай хайртай болохоор залхдаггүй.

Малд дуртай хүн л хөдөө гарах хэрэгтэй, малыг хайрлах тусам л өсдөг. Маллая гэж бодохоос өмнө малд дуртай, хайртай болох хэрэгтэй. Ядаж нэг хурганы зураг хараад ямар хөөрхөн юм бэ гэж үнэн сэтгэлээсээ хэлж чаддаг байх хэрэгтэй. Мал бол хүний сэтгэлийг дагаж өсдөг дөө.







相关新闻