Осолд хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн Зуунмод сумынхаа төв хэсгээр тойрон “Төв өртөө” таксины буудал хүртэл жагсаал хийж зам тээврийн осолд өртөж хохирсон болон нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүллээ.
Энэ оны гуравдугаар улирлын байдлаар 389 орчим осол бүртгэгдсэний улмаас 53 хүн нас барж, 273 хүн гэмтжээ. Сүүлийн нэг жилд зам тээврийн осол хэрэг 13 буюу 3.3 хувиар, амь насаараа хохирогсод найм буюу 15 хувиар тус тус өссөн байна. Харин гэмтсэн иргэдийн тоо 113 буюу 43.2 хувиар өссөн гэдгийг Төв аймгийн Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Болдмандах хэлж байлаа.
Хүндэтгэлийн жагсаалын цуваанд Төв аймгийн Хот тохижуулах газар болон Онцгой байдлын газар, Нэгдсэн эмнэлэг, Даатгалын байгууллага нар хамтарч оролцлоо. Арга хэмжээний хүрээнд зам тээврийн ослоос бэртэж гэмтсэн буюу амь насаа алдсан иргэдэд нэг минут чимээгүй байж хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн Төв аймгийн улаан загалмайн хороотой хамтран анхан шатны тусламж үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.
"Архи согтууруулах ундаа хэрэглэх, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодох, эгнээ байр буруу эзлэх, гүйцэт түрүүлэх үйлдэл буруу хийх, хүн болон ачаа тээвэрлэх журам зөрчих, хурд хэтрүүлэх болон хамгаалах бүс зүүлгүй явах зэрэг нь таныг болон таны ойр дотны хэн нэгнийг гэмтээгээд зогсохгүй эрдэнэт амийг нь авах эрсдэлд хүргэнэ" хэмээн Төв аймгийн цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Болдмандах тайлбарласан юм.
Иймд дээрх тоог цаашид улам бүр бууруулж, замын хөдөлгөөний аюулыг багасгахын тулд дүрэм, журмыг сайтар мөрдөж, хэвшихийг Замын Цагдаагийн газраас онцгой анхаарууллаа.
Т.Есүхэйтөмөр