Д.Энхтүвшин: Өнөөдөр хэрэгцээнээс давсан илүү бүтээгдэхүүн нийлүүлж эхэлсэн учраас хангамж сайжирсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-12-24 13:52:08

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны шатахууны асуудалтай холбогдуулан цаг үеийн мэдээлэл өглөө.


Тус яамнаас мэдэгдсэнээр сүүлийн зургаан хоногт АИ92 шатахууны нийлүүлэлт эрс нэмэгджээ. Тухайлбал, Сүхбаатар боомтоор энэ сарын 19-нд 47, 20-нд 36, 21-нд 63, 22-нд 65, 23-нд 54, нийт 265 вагон АИ92 шатахуун орж ирсэн байна.


АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин ярихдаа, “Сарын эхэнд өдрийн хэрэглээг хангахгүй бүтээгдэхүүн орж ирдэг байсан учраас доголдол үүссэн. Өнөөдөр хэрэгцээнээс давсан илүү бүтээгдэхүүн нийлүүлж эхэлсэн учраас хангамж сайжирсан гэж хэлж болно. Шатахууны хомсдол ард иргэдийг бухимдуулж байна. Бидний хувьд нефть импортлогч компаниудтай нягт холбоотой ажиллаж байгаа. ОХУ-аас өдөрт 40 вагон АИ92 шатахуун улсын хилээр оруулж ирж чадвал өдрийн хэрэгцээг бүрэн дүүрэн хангаад явна. Харин 40-60 вагон орж ирвэл бага зэргээр нөөц үүсгээд, дараа сардаа ШТС-уудад нийлүүлээд явах бүрэн боломжтой. Яамны ажилтнууд шөнө, оройн цагаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун борлуулагч нарыг шалгалаа. Цөөнгүй зөрчил, дутагдал илэрлээ. Зарим нь хаалгаа түгжээд унтчихсан байх жишээтэй. Зарим түгээгч нар ядраад байна гээд хаалгаа онгойлгохгүй, бага хэмжээний нөөцтэй хэр нь түүнийгээ борлуулахгүй байх зэрэг зөрчил илэрсэн. Мөн өнөө өглөө шатахуун түгээх станцын ажилтны биед халдсан нөхцөл гарав. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр савтай 15 литр шатахууныг 170 мянган төгрөгөөр худалдан шаглах асуудлыг сурвалжилжээ. Цагдаагийн байгууллагад мэдээллийг хүргүүлсэн” гэв.


Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам дээр 60 вагон буюу 3600 тонн АИ92 шатахуун байна. Энэ сарын 1-24-нд нийт 52683 тонн АИ92, 1014 тонн АИ95 шатахуун, 150058 тонн дизель түлш, 7440 тонн ТС-1 онгоцны түлш орж иржээ. 

相关新闻