ОРХОН: Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 103 жилийн ой “Уурхайчдын өдөр” тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov
2025-12-25 11:26:19

Баян-Өндөр, 2025 оны арванхоёрдугаар сарын 25/МОНЦАМЭ/. Зууны Манлай бүтээн байгуулалт, Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч хамт олон Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 103 жилийн ой, “Уурхайчдын өдөр”-ийг амжилт бүтээл дүүрэн угтаж байна.  


Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны даваа гаргийн ээлжит шуурхай зөвлөгөөн 2025 оны отгон хурлаа хийж, улирч буй оны ажлаа дүгнэн,  ирэх жилийн зорилтоо ярилцлаа. Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин, хамт олон 2025 онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар биелүүлсэн амжилтаар оны ажлаа өндөрлөж байна.


Энэ сарын 13-21-ний өдрийн байдлаар уулын цул гаргах, хөрс хуулах, хүдэр олборлох, өрөмдлөг, баяжмал үйлдвэрлэл, ачилтын  төлөвлөгөөт үзүүлэлт дараалан биелж байгаа бол 12 дугаар сарын 29-нд хүдэр боловсруулалтын төлөвлөгөө биелэхээр буйг шуурхайн эхэнд Ерөнхий инженер Т.Батмөнх онцлов. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэрийнхэн 2025 онд хүдэр боловсруулалтыг 39.9 сая тоннд хүргэж, төлөвлөгөөнөөс 250 мянган тонноор илүү боловсруулсан амжилттай ажилласан байна. 12 дугаар сарын сүүлийн өдөр оны үйлдвэрлэлийн ажлын хаалт хийж, түүхэн дээд хувиар биелж байна.


Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд олон том бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, дэвшүүлсэн төлөвлөгөөт зорилтууд биелж байна. Баяжуулах үйлдвэрт Хам баяжуулалтын 2,3 дугаар секцийг өргөтгөн шинэчилж, жилд 12 сая тонн хүдэр баяжуулах хүчин чадалд хүргэх, 1.1 сая тонн цэвэр зэс агуулсан 350 гаруй сая тонн хүдрийн нөөцтэй Оюутын ордын нарийвчилсан хайгуулыг дуусгах, эрчим хүчний удирдлагын тогтолцоонд ISO 50001 стандартыг нэвтрүүлэх, хиймэл оюунд суурилсан худалдан авалтын цахим системийг нэвтрүүлэх, ажилтнуудаа гэнэтийн ослын даатгалд анх удаа хамруулсан зэрэг үйлдвэрлэл, нийгмийн чиглэлийн онцлох ажлуудаа үйлдвэрийн газар хэлтэс, цех нэгжүүдээс ирүүлснийг Ерөнхий захирал Г.Ёндон танилцууллаа.


Тэрбээр энэ бүх ажлыг хамтын эв нэгдэл, нөр их хөдөлмөрийн үр шимээр амжуулж гүйцэтгэсэн нийт хамт олондоо талархал илэрхийлж, ирж буй 2026 оны том зорилт, их ажилд өндөр амжилт хүслээ гэж “Эрдэнэт үйлдвэр”  ТӨҮГ-ын ХМОНХА-наас мэдээлэв.




相关新闻