Төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт явагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДУИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн үндэсний суурь сургалт Ховд аймагт эхэллээ.
Аймаг Сумын ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт гурван үе шаттай явагдаж байна.
2016 оны сонгуулиар аймаг, сумын ИТХ-д 412 төлөөлөгч сонгогдсон юм.Эдгээрийн 70 гаруй хувь НӨУБ-д шинээр сонгогдож байгаа учир тэднийг сургаж дадлагажуулж, төрийн бодлого шийдвэрийг олон нийтэд таниулах, иргэдийн санал бодлыг төрд уламжлахад чухал үүрэгтэй гэдэг утгаараа энэ удаагийн сургалт ач холбогдолтой. Ер нь аймгийн ИТХ доод шатны иргэдийн хурал түүний ажилтнуудад туслах дэмжих, мэдээллээр хангах үүрэгтэй ажилладаг.
Төлөөлөгч нь төр ард түмэн хоёрын хооронд гүүр болж ажиллахдаа төр засгийн бодлогод ард иргэдийн санал бодлыг тусгах үүрэгтэй. Нэг иргэний асуудал,санал хүсэлтийг яаж шийдэх вэ гэдэг нь төлөөлөгчид тулгамдсан асуудлын нэг байдаг. Наад зах нь төлөөлөгч аймаг, сум орон нутгийн төсвийн болон хуулийн мэдлэгтэй байх ёстой гэдгийг онцлов.
Үүнээс гадна Ховд аймагт нийгэм эдийн засаг, боловсрол, эрүүл мэндийн салбар, бичил бизнес эрхлэгч, бичил уурхайтай холбоотой олон асуудал тулгамдаж байна. Үүнийг төр засгийн бодлогод тусгуулах зөв бодлого шийдвэр гаргахад төлөөлөгчид мэдлэгтэй, мэдээлэлтэй болж, тэднийг чадавхжуулахад чухал үүрэгтэй сургалт болж байна.
Сургалтын хөтөлбөрийн хүрээнд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, сургагч багш Б.Сандагсүрэн "Нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулийн эрх зүйн үндэс, хуралдаан, хуралдааны дэг" сэдвээр, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, сургагч багш Т.Дэлгэрсайхан "Орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлага" сэдвээр, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, сургагч багш А.Серикболат "Иргэдийн оролцоо, иргэдтэй харилцах нь" сэдвээр, Хэнтий аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, Үндэсний сургагч багш Ө.Цогбадрах "Байгаль хамгаалал, газрын харилцаа" сэдвээр хичээлүүдийг заан, сургалтанд оролцогчид бүлгээр хамтран ажиллаж, харилцан туршлага солилцож байна.
А.Бямбасүрэн