Чан Дон Хёк парламентад үг хэлсэн хугацаагаар дээд амжилт тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-12-25 14:30:38

СӨҮЛ, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /TASS/. Өмнөд Солонгосын сөрөг хүчний гол нам болох “Иргэний хүч”-ийн  парламент дахь бүлгийн дарга Чан Дон Хёк бослогын хэргийн шүүх байгуулах тухай хуулийн төслийн санал хураалтад саад хийхийг оролдон 24 цагийн турш үг хэлжээ. Ингэснээр тэрбээр дэлхийн "рекорд амжилтыг" тогтоосон байна. 


Тус улсын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёль болон түүний улс төрийн хамтрагчдыг 2024 оны 12 дугаар сарын 3-нд онц байдал тогтоохыг оролдсонтой нь холбогдуулан Үндсэн хуулийн эсрэг бослого зохион байгуулсан хэрэгт буруутгаж байгаа юм. Үндсэн хуулийн шүүх 2025 оны 4 дүгээр сард Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг баталсан билээ. Юн Сог Ёль "Иргэний хүч" намаас 2022 онд нэр дэвшиж байсан бөгөөд тус нам тусгай шүүх байгуулахыг эсэргүүцжээ. 


Энэхүү хуулийн төслийн анхны хувилбар нь хуульчдын шүүмжлэлд өртсөн тул дахин боловсруулны дараа Үндэсний Ассамблейд өргөн барьж хэлэлцүүлжээ. Үндэсний Ассамблейн нэгдсэн хурлын үеэр Чан Дон Хёк бусад гишүүд дүрмийн заалтыг ашиглан 24 цагийн дараа олонхын саналаар түүнийг зогсоох хүртэл танхимд олон цагаар үг хэлсэн нь хэлэлцүүлгийг удаашруулахыг оролдсон хугацаагаар шинэ дээд амжилтыг тогтоосон байна. 


Эцэст нь эрх баригч Тобуро намаас өргөн барьсан уг хуулийн төсөл батлагдсан бөгөөд 300 гишүүнээс 175 нь дэмжсэн байна. Энэхүү баримт бичигт дор хаяж хоёр бүлэг шүүгчдээс бүрдсэн шүүх байгуулах тухай заажээ. Тусгай шүүх нь онц байдал тогтоосон үеийн үйл явдлын оролцогчдыг бослого, төрийн эргэлт эсвэл үймээн самуун дэгдээсэн хэрэгт буруутгасан тохиолдолд хэргийг нь хэлэлцэх юм.


Сөүл хотын Төв тойргийн шүүх болон Дээд шүүхийн шүүгчид тусгай шүүхийн гишүүдийг сонгох зааврыг боловсруулна. Тусгай шүүх нь ийм төрлийн бүх хэргийг анхан шатны шүүхийн хувьд хэлэлцэнэ гэж уг хуулийн төсөлд заасан боловч аль хэдийн хянан хэлэлцэж эхэлсэн хэргүүдийг тухайн шүүхүүдэд үргэлжлүүлэн хэлэлцүүлэхээр шийджээ.




相关新闻