“Монгол пянзны галерей”-д түүхийн ховор бүтээлүүдийг дэлгэлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Соёлын төв өргөө, “Эрдэнийн очир” нийгэмлэг хамтран лаборатори музей “Монгол пянзны галерей”-г нээлээ.
Биет өв хадгалагдан үлдсэн Монголын их соёлыг хамгаалан хадгалж хойч ирээдүйд соён гэгээрүүлэх ажлыг үргэлжлүүлэх зорилгоор энэхүү музейг олны хүртээл болгож байгаа нь энэ аж.
“Монгол пянзны галерей”-д хуучны ховор пянзнаас гадна монгол дуу, хөгжмийн зэмсэг, техник аппаратур, зурагт хуудсуудыг дэлгэжээ.
Мөн 1926-1990 онд хэвлэж байсан захидал, сэтгүүл, БНМАУ-ын шуудангийн зурагт дугтуйн каталогууд, Монгол дууны аялгуу нотын ном зэрэг бүтээлийг багтаасан байна.
Судлаач С.Түвдэндорж “Судлаач миний бие 1980 оноос хойш Монгол болон дэлхийн пянз, шошго, дуу хөгжмийн эх баримтыг цуглуулж, Монголын дуу хөгжмийн соёлын өв болох пянзны бүрэн цуглуулгыг хийж байна. 1927 онд барьсан “Бөмбөгөр ногоон” буюу “Ардын цэнгэлдэх хүрээлэн” тухайн үеийн хамгийн том урлаг, уран сайхны төв театрын 100 жилийн ойд зориулан өв соёлыг нарийвчлан судалж нийтийн хүртээл болгоход энэ галерей музей чухал суурь судалгааны үндэс болно. Энэ музейд БНМАУ-ын үеийн урлагийн олон ховор бүтээлүүдийг нэгтгэж чадлаа. Түүхийн явцад устаж үгүй болсон Монгол уртын дуу, ардын дууны шинэ цагийн дууны түүврийг кирил үсэгт буулган шинжлэх ухааны нэгэн сэдэвт бүтээл болгон хэвлүүлж олны хүртээл болгосон. 2018 онд дуу хөгжмийн түүхийн анхны галерейг нээж нийтийн хүртээл болгож байсан бол өнөөдөр хоёр дахь галерейг Соёлын төв өргөөнд нээлээ. Энэ пянзны галерейд ирснээр маш олон ховор урлагийн бүтээлийг харах болно. Мөн зураачтай хослон бүтээсэн уран зураг үзэж, Монголын урлаг, уран сайхны нандин чухал түүхийг мэдэж болно. Энэ нь цаашид урлаг судлаачид том архив болж байгаа юм” гэв.
Харин ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам “Музейд олон бүтээл дэлгэжээ. Анхны пянзны цуглуулгаас эхлээд их ховор, содон хөгжмийн хэрэгсэл, дуу хураагуур, зураг, сэтгүүл гээд 1000 гаруй хэрэгсэл байна. 2026 оноос эхлэн “Соёл урлаг” сэтгүүлийг сэргээн гаргах ажлыг яамнаас дэмжинэ. “Бөмбөгөр ногоон театр”-ын 100 жилийн ой 2027 онд тохионо. “Монгол пянзны галерей”-г нээсэнтэй уялдуулан олон ойн ажлын эхлэлийг тавилаа” хэмээн ярилаа.
Энэхүү галерейн нээлтийн үеэр “Торгоны зам” уралдааны гранпри шагналт, дуучин И.Мишээлд “Уяхан замба тивийн наран” дууг сэргээж дуулах албан ёсны эрхийг өгчээ. Энэхүү уртын дууг анх 1933 онд гавьяат жүжигчин Ц.Төмөр дуулж олонд хүргэсэн байдаг. Харин XX зууны манлай уртын дуучин, төрийн шагналт, хөдөлмөрийн баатар Н.Норовбанзад олны зүрх сэтгэлд хоногшин үлдээсэн юм. Тэгвэл XXI зуунд дуучин И.Мишээл албан ёсны эрхтэй сэргээн дуулахаар болж байна.





Ulaanbaatar