Баян-Өлгийн дөрвөн суманд цагаан зуд нүүрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-21 13:06:42

  Баян-Өлгий аймгийн дөрвөн сумын мал өвөлжилт хүндрэлтэй байна.

Тус аймгийн хэмжээнд 2 сая 400 мянга орчим толгой мал өвөлжиж байгаагийн тал хувь нь ямаа.

Зун хур бороо бага орсон Толбо, Сагсай, Цэнгэл суманд бэлчээр хомсдолтой. Булганд зузаан цастай, 40 мянга гаруй толгой мал нь оторт гарч чадахгүй болсон тул бусад сумын нутагт оторлох, малаа нядлан мах бэлтгэх зэрэг арга хайж байна.

Мөн их цастай Сагсай сумын Даян нуурт өвөлжиж байгаа гурван мянга орчим бод мал бэлчээргүйдлээ. Цэнгэлд уулархаг нутгаар цастай.

Аймгийн онцгой байдлын комисын зүгээс тал бүрийн арга хэмжээ зохион байгуулж байгаа ч гэсэн сумд өвс тэжээлээ нөөцлөхөд өөрсдийн бололцоогоо дайчлах шаардлагатай байна. Сум бүр аюулгүйн нөөц бүрдүүлэх шаардлагыг дөрөв тавхан сум ханган биелүүлсэн. Аймгийн нөөцөд 146 тонн өвс, 21 тн тэжээл бэлтгэх ёстойгоос бүрэн хэрэгжиж амжаагүй байгаа юм.

Ш.Айзаря

 

 

相关新闻