Шүүхийн Ерөнхий зөвлөл орон нутагт ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНШүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндоржоор ахлуулсан ажлын хэсэг Орхон аймгийн Шүүхийн тамгын газарт ажиллалаа. Орон нутаг дахь энэ удаагийн томилолт нь Булган, Сэлэнгэ, Орхон аймгийн шүүхийн үйл ажиллагаатай танилцаж байгаа юм.
Орхон аймгийн Шүүхийн байгууллага энэ онд 40 жилийн ойгоо тэмдэглэсэн. Одоогийн байдлаар Орхон, Булган, Хөвсгөл аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, аймгуудын Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн таван шүүх ажиллаж байна. Эдгээр байгууллагад 20 гаруй шүүгч, шүүгчийн туслах, Тамгын газарт 30 гаруй ажилтан ажиллаж байна.
Орхон аймгийн Шүүх нь бусад аймгуудаас өөрийн байртай, ажилтнуудын ажиллах орчин бүрдсэн аймгуудын нэг юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж “2013 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулснаас хойш Шүүхийн шинэтгэл, шүүгчдийн хараат бус байдлын төлөө тууштай явж, олон өөрчлөлтүүдийг эхлүүлж чадсан нь бидний томоохон амжилт юм” гэж тэмдэглэлээ.
Б.Оюун-Эрдэнэ