Монгол Улсад хүүхдэд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай нэвтрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсад цусны хавдартай хүүхдэд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг анх удаа амжилттай хийж, дотоодын эрүүл мэндийн салбарт түүхэн шинэ хуудас нээлээ.
Энэхүү эмчилгээг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах баг Н.Оюундэлгэр ахлагчтайгаар санаачлан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Туркийн “Медикал Парк” эмнэлэг, ТИКА олон улсын байгууллагын дэмжлэгтэй хамтран хэрэгжүүлжээ. УНТЭ-ийнхэн өмнө нь цусны хавдартай 36 хүнд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийсэн туршлагатай юм. Эмчилгээний явцад ЭХЭМҮТ-ийн удирдлага, Хүүхдийн цус, хавдрын тасгийн эмч, мэргэжилтнүүд идэвхтэй оролцож, Туркийн эмч, мэргэжилтнүүд арга зүй, мэргэжлийн зөвлөгөөг өгсөн байна. Эмчилгээ хийлгэсэн 15 настай Мичидмаа охин нь таван настайдаа цусны хавдраар оношлогдож есөн жилийн турш эмчилгээ хийлгэн, өвчин нь удаа дараа сэдэрч байсан бөгөөд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний дараа бие нь сайжирчээ.
Сүүлийн жилүүдэд цусны хавдрын тохиолдол нэмэгдэх болсон бөгөөд жилд 150-200 тохиолдол, үүнээс хүүхдийн цусны хорт хавдрын 50-60 орчим тохиолдол оношлогдож байна. Цусны хавдрын үед үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг гадаадад 350-500 сая төгрөгөөр хийдэг. Харин Монгол Улсад амжилттай хийж эхэлснээр иргэдийн гадаад руу урсах зардлыг бууруулах, эх орондоо чанартай тусламж үйлчилгээ авах бодит боломж бүрджээ. Энэ нь Монголын эрүүл мэндийн салбарын хөгжил, ялангуяа хүүхдийн цус, хавдрын тусламж үйлчилгээний чадавхыг шинэ түвшинд хүргэх чухал алхам болсныг эмч мэргэжилтнүүд онцоллоо.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ярихдаа, “Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний зардал 70 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалаас даадаг. Үүдэл эс шилжүүлэн суулгасан багийнхан уг эмчилгээний бодит өртөг нь 120 сая гаруй төгрөг болж байгааг өнөөдөр танилцуулсан. Иймд эмчилгээний бодит өртгийн судалгааг дахин хийж, ЭМДҮЗ-өөс эмчилгээний зардлын өртгийг нэмэгдүүлэх шийдвэр гаргах боломжтой” хэмээн онцлов.
Харин Төрийн соёрхолт, Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах багийн ахлагч, ардын эмч Н.Оюундэлгэр, “Энэ бол эмч бидний хүсэн хүлээсэн сайхан өдөр байлаа. Бид ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран Монголд анх удаа хүүхдэд үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг хийв. Турк эмч нар мэс заслаас хойш нэг сарын дараа өвчтөнөө эргэн ирж, олон нийтэд хандаж мэдээлэл хийж байгаа нь энэ. Өвчтөн маань 10 жилийн турш цусны хавдар гэдэг өвчнөөр шаналж явсан. Энэ хүүхдэд үүдэл эсийг шилжүүлэн суулгаж, өнөөдөр бүх эс нь эрүүл хүний түвшинд ирсэн байгааг өнгөрсөн баасан гаргийн шинжилгээний хариугаар харж, бахархаж байлаа” гэв.
Тэгвэл УНТЭ-ийн Цусны эмгэг судлалын чөмөг шилжүүлэн суулгах төвийн эмч Б.Хишигжаргал, “Эрүүл мэндийн даатгалын газрын эдийн засгийн албаны гаргасан тооцооллоор 2014 онд 60, 70 сая төгрөг гэж тогтоож байсан. Өнөөдрийг хүртэл даатгалаас энэ үнээрээ хөнгөлж байгаа. Энэ хооронд ам.долларын ханш, инфляц хэдэн хувиар өссөн. Ингэхээр энэ эмчилгээний өртөг хаанаа ч хүрэхгүй байгаа. УНТЭ өөрөө тендер зарлаж, эм эмнэлгийн хэрэгслүүдээ худалдан авдаг. Энэ өртгөөр тендерт оролцох компани, аж ахуйн нэгж байдаггүй. Тиймээс бид гадаадын олон улсын байгууллагаас тусламж гуйх хэлбэрээр энэ мэс заслыг хийж, өдий зэрэгтэй явж байна гэсэн үг. Туркийн “Медикал Парк” эмнэлэг хүүхдэд үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслаараа алдартай. Биднийг тэнд очиж, эмнэлэгтэй нь танилцаж байхад Монгол Улсаас 10 орчим хүүхэд үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийлгэж байсан. Бид ярилцаад, хамтран Монгол Улсад энэ төрлийн мэс заслыг хийх саналыг тавьж, эх орондоо амжилттай хийлээ. Өндөр өртөгтэй мэс заслыг эх орондоо 120-130 сая төгрөгөөр хийх боломжийг бүрдүүллээ” хэмээн ярилаа.
ЭХЭМҮТ-ийн удирдлага болон цусны эмгэг, хавдар судлалын багийн эмч нарын мэдээлснээр, Монгол Улсад жил бүр дунджаар 100 орчим хүүхэд хорт хавдраар оношлогддог бөгөөд тэдний дийлэнх хувийг цусны хорт хавдар эзэлдэг байна.
Мөн CD34 үүдэл эс тоолох урсгал цитометрийн шинжилгээг дотооддоо амжилттай нэвтрүүлснээр үүдэл эсийг шууд, хөлдөөж хадгалан эмчилгээнд ашиглах боломж бүрдэж, хүүхдийн цусны хавдрын оношилгоо, эмчилгээний чанар шинэ шатанд гарч байна.
