Эрчимт эмчилгээ, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг сайжруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, ЭМДЕГ, НЭМГ-ын мэргэжилтнүүд Налайх дүүргийн Эрүүл Мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзаж, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцжээ.
Налайх дүүрэг нь авто замын огтлолцолд байрлалтай учраас осол гэмтлийн шалтгаант тусламж багагүй хувийг эзэлдэг. Иймд гэмтэл, мэс заслын тусламж үйлчилгээг хөгжүүлэн ажиллаж байна. 2025 онд 6187 түргэн тусламжийн дуудлага хүлээн авч ажиллаж, цаашид түргэн тусламжийн үйлчилгээний чадавх, машины хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа аж.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн "2026 онд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт 5.5 дахин нэмэгдсэн. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 21 аймагт гэмтэл, харвалт, шигдээс, эрчимт эмчилгээ, түргэн тусламжийг сайжруулах 225 сая ам.долларын төслийг Монгол Улсын Засгийн газар, УИХ-аар соёрхон баталсан. Уг төслийн хүрээнд сэргийлж болох нас баралтыг бууруулан, аймаг орон нутагтаа яаралтай түргэн тусламжийг түргэн хүргэдэг болох чадавхыг бэхжүүлэн, нийслэл рүү чиглэсэн төвлөрлийг задлах тогтолцоо бүрдэнэ. Сэргийлж болох нас баралтыг бууруулах зорилгыг ойрын гурван жилд хийнэ” гэв.
Мөн гэмтэл, яаралтай, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг илүү анхаарч хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлээр зарим тусламж үйлчилгээгээ хийх боломжуудыг эрэлхийлэх, НЭМГ-аас энэ асуудалд анхаарч дэмжиж ажиллахыг хэлэв.
Өр төлбөрийн асуудалтай эрүүл мэндийн байгууллагын өрийг шийдвэрлэхээр ЭМЯ-аас тооцоолол гарган, энэ сараас зургаадугаар сар хүртэл үе шаттай хуваарилалт хийж ажиллах юм. Налайх эрүүл мэндийн төвийн тухайд нэн түрүүн нийгмийн баталгаа нь алдагдаж байгаа ажилтнуудынхаа даатгалын асуудалд онцгой анхаарч шийдэхийг Г.Байгаль даргад санууллаа.
