Европын зургаан оронд нээсэн “Сүүлчийн нүүдэлчид” ном монголчуудын гар дээр очлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-01-29 17:15:34

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Монголын анхны “Балдорж” шагналт редакц, МСНЭ-ийн “Ган үзэг” шагналт “Оюунлаг эргэлт медиа групп”-ийн дэргэдэх Эргэлт.мн мэдээллийн сайтын хамт олон таван жилийн ойдоо зориулан гурван бүтээл хийсний нэг нь “Сүүлчийн нүүдэлчид” ном юм. 2025 оны сүүлчээр Франц, Унгар, Чех, Австри, Швейцар, Италид нээлтээ хийж, уншигчдын хүртээл болсон тус ном өнөөдрөөс монголчуудын гар дээр очиж байна.


Монгол, англи хэлээр хэвлүүлсэн “Сүүлчийн нүүдэлчид” номын Монгол дахь нээлт “Чингис хаан” үндэсний музейд өнөөдөр боллоо. 


32 хөрөг нийтлэл, сурвалжилгаас бүтсэн энэхүү номд 40 жил давс үүрсэн хөгшчүүл, сургуульдаа мориор явдаг сурагч, өвдөг давсан өндөр насанд хүн амынхаа эрүүл мэндийн төлөө дуудлага авсан сумын эмчээс эхлээд олон хүний хөргийг бичжээ. Тухайлбал, ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатарын “Би Монгол Улсаа дэлхийн хамгийн том орон гэж боддог буюу Хануйн бага сургуулийн сурагчид” хөрөг сурвалжилга, ерөнхий редактор Б.Энхмартын “Усчин хүү Тулгаа”, сэтгүүлч Б.Цогбаярын “Цасан дундах цагаан халаадтан”, Д.Чанцалдуламын “Давс үүрсэн 40 жил”, “Хувьцааны гол тоглогч буюу хогийн цэгийн тэрбумтан С.Чулуун”, Б.Бадралмаагийн “Хилчдийн домог мөрч Л.Сүхээгийн амьдралын мөр”, Н.Отгонбаатарын “Эмээгийн авдраас олдсон оньсон тоглоом” зэрэг хөрөг нийтлэл багтсан байна.


Монголчуудын амьдралын ховор содон түүхийг өгүүлэх энэхүү ном нь монголын төдийгүй дэлхийн ховор сонин сэдэв эрж хайдаг уншигч, зохиолч, судлаачдад гарын авлага болох сэтгүүл зүйн баримтат бүтээл болсон гэдгийг тус номын зохиогчид хэлж байна. Түүнчлэн “Сүүлчийн нүүдэлчид” ном нь монголчуудын амьдралын ховор содон түүхийг англи хэлээр сэтгүүл зүйн бүтээл болгон хэвлүүлж буйгаараа онцлог юм. Номыг орчуулагч, дипломатч Ч.Бүрэнбаяр англи хэл рүү хөрвүүлжээ.


Номын нээлтэд сэтгүүл зүйн салбарын эрдэмтэн судлаачид, ахмад сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж буй сонин, телевиз, цахим сайтын төлөөлөгчид оролцов. 










 

相关新闻