Канад Улс боловсролын солилцооны хөтөлбөр зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-01-30 16:35:26

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Канад Улсын Гадаад хэргийн яамнаас хэрэгжүүлдэг Хөгжлийн төлөөх тэтгэлэг ба боловсролын солилцооны хөтөлбөр”-ийг зарлалаа.


Энэ жилээс эхлэн Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн орнуудаас Монгол Улсыг хамруулахаар шийдвэрлэсэн байна. Монгол Улсын оюутнууд НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилтууд-2030”-ыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах чиглэлээр Канад Улсад богино хугацаагаар суралцах болон судалгаа хийх боломж бүрдэх юм. Тус хөтөлбөр нь ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжих, Канад-Монголын иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой.


Тэтгэлгийн хугацаа

  • Бакалавр  4 сар /1 улирал/
  • Бакалавр 8 сар /2 улирал/
  • Магистр / Доктор- 4 сар /1 улирал/
  • Магистр / Доктор 5-6 сар/

Тэтгэлэгт хамрагдах зардал

  • Виз болон суралцах, ажиллах зөвшөөрлийн төлбөр
  • Хоёр талын нислэгийн тийз
  • Эрүүл мэндийн даатгал
  • Амьжиргааны зардал /байр, орон сууц, хүнс/
  • Нийтийн тээврийн зардал
  • Ном, хичээлийн хэрэгсэл /компьютероос бусад/

Тавигдах шалгуур

  • Монгол Улсын иргэн байх /Канад Улсын иргэншил болон байнгын оршин суух эрхгүй байх/
  • Монгол Улсын их, дээд сургуульд үндсэн ангид суралцаж буй оюутан байх
  • Канад Улсын Засгийн газрын бусад тэтгэлэгт хамрагдаагүй байх

Сонгон шалгаруулалт

  • Монгол Улсын их, дээд сургууль болон Канад Улсын хүлээн авагч сургууль хооронд хамтын ажиллагааны гэрээтэй байх шаардлагатай.
  • Тэтгэлгийн өргөдлийг оюутны нэрийн өмнөөс Канад дахь хүлээн авагч сургууль гаргана.
  • Канад дахь сургууль нь Канадын Гадаад хэргийн яаманд өргөдлийг 2026 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн EDT 23:59 цагаас өмнө илгээсэн байна.

Тэтгэлэгт шалгарсан оюутнууд 2026 оны наймдугаар сарын 1-нээс 2027 оны 2 дугаар сарын 1 хүртэл Канад Улсад очсон байх шаардлагатай.


Дэлгэрэнгүй мэдээллийг EduCanada - SEED Scholarship холбоосоор авах боломжтой.

 

相关新闻