Монголын кино урлагийг БНСУ-ын үзэгчдэд таниулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Монгол Улсын орчин үеийн кино урлагийн шилдэг бүтээлийг БНСУ-ын үзэгчдэд таниулах “Монголын зургаан уран бүтээлийн тусгай хөтөлбөр” нэвтрүүлэг ONN ОндокторTV сувгаар гарч байна.
ГХЯ-ны мэдээлснээр, тус хөтөлбөрийг Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар болон ONN ОндокторTV суваг хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлж байгаа юм. Монгол Улсын соёл, урлагийг олон улсад сурталчлах, хоёр улсын соёлын солилцоог өргөжүүлэхэд чиглэнэ.
Хөтөлбөрийн хүрээнд “Алдагдсан өдрүүд”, “Дурсаж яваарай”, “Эмэгтэй”, “Тойрог”, “Мөнхөө”, “Шар гэгээ” зэрэг монголын орчин үеийн кино урлагийн зургаан уран бүтээлийг энэ сарын 23-наас эхлэн долоо хоног бүрийн баасан гарагт оройн 22:00 цагт БНСУ-ын телевизийн сувгаар цацаж байна.
Эдгээр бүтээл монгол орны байгалийн үзэсгэлэнт төрх, нийгмийн хөгжлийн өөрчлөлт, хүний амьдралын бодит дүр төрх, дотоод ертөнцийг уран сайхны хэлээр илэрхийлжээ. Мөн монголын орчин үеийн кино урлагийн өнөөгийн өнгө төрхийг БНСУ-ын үзэгчдэд бодитоор хүргэх ач холбогдолтой юм.
Тусгай хөтөлбөрийг БНСУ-ын
-SK Btv 270-р суваг
-KT Genie TV 262-р суваг
-LG HelloVision 245-р суваг
-Үльсан төв телевиз JCN 155-р сувгаар хүлээн авч үзэх боломжтой.
