БУЛГАН: “Цодгор хүү-2026” улсын аваргын тэмцээнд 16 шатарчин оролцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2026 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах “Цодгор хүү-2026” тэмцээн нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд болж, 170 орчим шатарчин оролцлоо.
Уг тэмцээнд 5-11 хүртэлх насны дөрвөн ангилалд эрэгтэй, эмэгтэй төрлөөр Булган аймгийн 16 сум, 1 тосгоны төлөөлөл болсон 170 орчим өсвөрийн шатарчин оролцож, оюун ухаанаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Энэ нь өмнөх оныхоос шатарчдын чансаа болон оролцогчдын тоо харьцангүй нэмэгдсэнийг харуулж байна. Тодруулбал, Цодгор хүү-2025 тэмцээнд 135 шатарчин оролцож байжээ.
Булган аймагт 200 гаруй хүүхэд шатрын спортоор тууштай хичээллэдэг бөгөөд аймгийн төвд “Хан потенциал” шатрын клуб болон дугуйлангууд хичээллэдэг. Мөн ерөнхий боловсролын 22 сургууль бүр дээр шатар сонирхогчдын дугуйлан хичээллэж байна.
Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан шатарчид “Цодгор хүү-2026” улсын аваргын шигшээ тэмцээнд оролцох эрхтэй болдог.
Монголын Хүүхдийн ордны багш, Монгол Улсын аварга, шатрын спортын мастер Б.Төрбат агсны нэрэмжит “Цодгор хүү-2026” улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн 34 дэх жилдээ хоёрдугаар сарын 12-15 ны өдрүүдэд болох бөгөөд Булган аймгаас шилдэг 16 шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдөнө.










