Цагаан эрэгт 2000-3000 гаруй хүн хууль бус олборлолт хийдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн Цэцэг, Дөргөн, Мөст, Булган, Үенч, Алтай сумдад албан бус бичил уурхай бий. Зөвхөн Цэцэг, Алтай суманд нийт 145 иргэн бичил уурхай эрхлэгч байна. Сүүлийн жилүүдэд Цэцэг, Алтай сумын зааг нутагт байдаг Цагаан эрэг дээр жил бүрийн 3 дугаар сараас 10 дугаар сарын 15 хүртэлх хугацаанд Ховд аймгийн Цэцэг, Алтай, Мөст болон бусад сумд, түүнчлэн Говь-Алтай аймаг, Улаанбаатар хотоос 2000-3000 ажилгүй иргэд ирж хууль бусаар чулуу (вольфром) олборлодог юм.
Түүнчлэн Ховд аймгийн нутаг дэвсгэрт хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явагдаж байгаа хэдий ч зарим талбайнууд нь улсын тусгай хамгаалалттай газар нутаг эсвэл тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцаг. Нөгөө талаас зарим сумдын хувиараа ашигт малтмал олборлогч иргэд зохион байгуулалтад ороогүй, сумдын удирдлага нь зохих журмын дагуу газрын хүсэлтээ холбогдох байгууллагад хүргүүлээгүй байна.
Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлого, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бичил уурхайн талаар тодорхой бодлогын чанартай зүйл заалтууд орж байгаа нь аймаг, сумд харъяалах нутаг дэвсгэрийн хүрээнд дор бүрнээ холбогдох бичил уурхайг зохион байгуулах, газрын асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэх, албажуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна. Ингэж албажуулахгүйгээр эмх замбараагүй байгаагаас маш олон сөрөг үр дагавар тулгамдсан асуудлын нэг болоод байна.
Наад зах нь Хууль бусаар Цагаан эрэгт чулуу олборлож байгаа иргэдийн нөхцөл байдал хүнд, усан дотор, хүйтний улиралд байнгын ажиллаж, эрүүл мэнд, ёс суртахууны хувьд сөрөг зүйл нэлээдгүй ажиглагддаг. Түүгээр ч үл барам бичил уурхайчид өдөрт дунджаар 30,000-120,000 төгрөг олдог хэдий ч олсон орлогоо хуримтлал болгох, зөв зарцуулах арга ухаан дутмаг, архидалт, хүчирхийлэл гардаг нь санаа зовоосон асуудлын нэг болоод байна.
Хэдийгээр 2010 оноос бичил уурхайн эрх зүйн орчин бүрдсэн ч Ашигт малтмалын тухай хууль болон Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын дагуу Ховд аймагт ганцхан Мөст сум бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд талбай авсан. Аймгийн хэмжээнд албажсан бичил уурхай гэвэл Мөст сумын Хужирт багийн Нарийн давд байдаг.
А.Бямбасүрэн