БУЛГАН: Нийт нутгийн 68.2 хувьд өвөлжилт хүндэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2026 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвөөр нийт нутгийн 11.9 хувьд нэн их, 56.3 хувьд их, 31.5 хувьд дунд зэрэг, 0.3 хувьд бага хүндрэлтэй байхыг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Хангал, Рашаант, Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг, Сайхан сумын ихэнх нутгаар их, бусад нутгаар дунд болон их хүндрэлтэй байх төлөвтэй байна.
Иймд өвөлжилт, хаваржилт хүндэрч буй болон хүндэрч болзошгүй бүс нутгуудад онцгой анхаарч, цаг уурын байгууллагаас гаргадаг богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглах, цагийн байдал хүндэрсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг зөвлөсөн байна.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2026 оны 2 дугаар сарын зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ болох ган, зуншлага, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны зузаан болон 2 дугаар сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн боловсруулдаг ажээ.
Сумдын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвүүд жил бүрийн нэгдүгээр сарын гуравдугаар арав хоногт хээрийн цасны хэмжилт хийж, цасны зузаан, нягтыг тодорхойлдог учир анхан шатны нэгжүүд хээрийн ажилдаа гарсан байна.
Өнөөдрийн байдлаар тус аймагт 3.2 сая толгой мал өвөлжиж байгаа бөгөөд нийт нутгийн 68.2 хувьд өвөлжилт хүндэрчээ.



