БУЛГАН: Бүтээгдэхүүний үнэ өмнөх жилийнхтэй харьцуулахад дунджаар 30 хувиар нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2026 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Сар шинийн баярыг угтан зохион байгуулж байгаа "Амар байна уу" үзэсгэлэн худалдаанд Булган аймгийн 12 сум, Орхон, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн 61 хоршоо, иргэн, ААН 100 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнтэй оролцож байна.
Орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн
үйлчилгээг олон нийтэд сурталчлах, хүн амыг чанартай, стандартын шаардлага
хангасан бүтээгдэхүүнээр хангах зорилгоор уламжлал болгон зохион
байгуулдаг “Цагаан сар-2026” үзэсгэлэн худалдаа сумдынх хоёрдугаар сарын 2,3-ны өдрүүдэд болсон бол нэгдсэн үзэсгэлэн энэ сарын 4-нөөс Спортын ордонд гарч байна.
Үзэсгэлэнд хувцас, гар урлал, гэр ахуйн эдлэл, хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээ зэрэг олон төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаж байна. Хэвийн боов, ааруул, жимс, хүнсний ногоо, хиам зэрэг бүтээгдэхүүний үнэ өмнөх жилийнхтэй харьцуулахад дунджаар 30 хувиар нэмэгджээ. Жишээлбэл, ааруул 1 кг нь өмнөх жил 18-30 мянга байсан бол энэ жил 28-45 мянга, хэвийн боов 1 ширхэг нь өмнөх онд 3200- 5000 байсан бол энэ жил 5000-8000, айраг 4800-7000 байсан бол энэ жил 10000 төгрөгөөр худалдаж байна.
Аймаг, сумын хэмжээнд цагаан сарын үзэсгэлэн худалдааг өргөн дэлгэр зохион байгуулснаар иргэдийн орлого нэмэгдэж, өөрөө үйлдвэрлэх хандлага жилээс жилд нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна.
Энэ жил иргэдийн худалдан авалт тааруу байна. Өмнөх онуудад үзэсгэлэнд ирсэн иргэн бүр худалдан авалт хийдэг байсан бол сонирхогч иргэд 60 хувь, худалдан авалт хийж байгаа нь 40 орчим хувьтай байна


