БУЛГАН: Цасанд хаагдсан зам, давааг нээж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2026 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Сайхан сум зудын эрсдэлтэй, цасны зузаан дунджаар 20 см, уул даваа болон шуурсан хэсэгт 80 см хүрсэнээс зорчих хөдөлгөөн хаагдаад байна. Зам, давааг нээх ажлыг аймгийн Онцгой байдлын газраас зохион байгуулж байна.
Тус сумын таван баг буюу нийт газар нутгийн 80 гаруй хувь цасанд дарагдан, 160,000 гаруй толгой мал бэлчээрлэх боломжгүй болж, замын нөхцөл хүндрэлтэй байгаа тухай мэдээлэл ОБГ-т ирсэн байна.
Угалз хоёрдугаар багийн 22 км, Хульж гуравдугаар багийн 89 км, Ундрах дөрөвдүгээр багийн 163 км, Сайхан-Овоо зургаадугаар багийн 150 км нийт 424 км зам гаргахаар ажиллаж байна.
Өчигдөр Ундрах багийн Долоогийн даваанаас баруун зүгт 50 км, Хүрэмт багийн сумын төв хүртэл замыг гаргаж, цасанд боогдсон 4 айл руу хүрэх замыг нээсэн байна.
Сайхан сумын Засаг дарга М.Ганболд Булган аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой байдлын газар болон Онцгой комисст санал хүргүүлснээр зам гаргах ажлыг 5 хүний бүрэлдэхүүнтэй гүйцэтгэж байна.
Булган аймгийн Онцгой байдлын газраас техник, тоног төхөөрөмж болон 1 сая төгрөгийн шатахууны зардлыг гаргаж дэмжлэг үзүүлсэн бөгөөд Сайхан сумаас нэмэлт шатахууны зардлыг гарган, цас ихтэй багийн дарга нарт үүрэг, чиглэл өгч ажиллаж байна.



