БУЛГАН: "Сүхбаатарын мэргэн бууч" буудлагын тэмцээнд 3 тамирчин оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2026-02-05 21:28:18

Булган, 2026 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Жанжин Сүхбаатарын нэрэмжит буудлагын тэмцээн хоёрдугаар сарын 2-ноос Улаанбаатар хотод эхэлж, Булган аймгаас спортын дэд мастер цолтой 3 тамирчин оролцож байна.


Тэмцээний талаар буудлагын спортын дасгалжуулагч, багш Г.Ганхуяг, Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Үнэн" сонины нэрэмжит “Сүхбаатарын мэргэн бууч” тэмцээн өнөөдөр Улаанбаатар хотод эхэлж байна. Тэмцээнд Булганы буудлагын клубээс өсвөр насны ангилалд Азийн аваргын хүрэл медальт, спортын мастер Эрдэнэсайханы Хүслэн, спортын дэд мастер Батболдын Анударь, спортын дэд мастер Гантөгсийн Содбилэг нар оролцохоор явлаа. Энэхүү тэмцээнд манай тамирчид Германы Feipwerkbau-800 урт бууны төрлөөр оролцож байгаа.

Буудлагын клуб энэ жил 38 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Клубээс олон улсын мастер 3, 20 гаруй спортын мастер, 100 гаруй 1, 2 дугаар зэргийн мастер төрсөн төдийгүй, буудлагын улсын аваргад амжилттай оролцсоноор нийт 500 гаруй медаль хүртсэн амжилтай.

    

Азийн аваргын хүрэл медальт Э.Хүслэн,  Би 8 наснаасаа буудлагын спортоор хичээллэж эхэлсэн. Одоо 16 настай. Аав, ээж, ах эгч нар минь маш их дэмждэг. Азийн аварга шалгаруулах багийн тэмцээнээс хүрэл медальтай ирсэндээ их урамтай байна. Цаашдын зорилго маань олон улсын хэмжээний мастер болох, аймаг, орон нутаг, эх орныхоо нэрийг олон улсын тавцан дээр гаргах юм.


Дэд мастер Б.Анударь, Би буудлагын спортоор 3 дахь жилдээ хичээллэж байна. Энэ хугацаанд дэд мастер цолын болзлыг хангасандаа баяртай байна. Манай гэрийнхэн намайг их дэмждэг. Ер нь буудлагын спортоор тууштай хичээллэж байж л амжилтад хүрнэ гэж боддог.




 



相关新闻