Сайхандулаан сумынхан өнөтэй өвөлжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт энэ жил 283 өрхийн 142.815 толгой мал өвөлжиж байна.
"Одоогийн байдлаар өвөлжилт хүндрээгүй. Гадны аймаг сумаас манайд оторчид нутаглаагүй, мөн малчид зөвхөн орон нутагтаа, өөрсдийн өвөлжөө бууцандаа өвөлжиж байна. Нутгийн зарим хэсгээр бодын хар туруу цас орж өдөртөө 20 орчим градус хүйтэрч байгаа. Цас энэ хэмжээндээ байвал нутагтаа өнөтэй өвөлжих бүрэн боломжтой" хэмээн тус сумын ЗДТГ-ын дарга Т.Ганбат өгүүлэв.
Сумын хэмжээнд айл өрх, албан байгууллагууд нийт 482 тонн өвс бэлтгэсэн байгаа нь цаг хүндэрсэн үед хоёрхон өдөр л хэрэглэх нөөц аж.
Дашрамд дурдахад Сайхандулаан сум нь адуу бэлчээрлэхэд нэн таатай нутаг бөгөөд өнгөрөгч өвөл Дундговь аймгаас их хэмжээний адуу отроор өвөлжиж бэлчээрийг талхалж байжээ.
Х.Эрдэнэбулган