ДАРХАН-УУЛ: Дулаан, цахилгаан хангамжийн шинэ эх үүсвэр барих шаардлага үүсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2026-02-16 17:43:40

Дархан, 2026 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн баасан гарагт Дархан-Уул аймагт ажилласан. Энэ үеэр  цахилгаан, дулааны хангамжийн найдвартай байдлыг шалгах үүднээс аймгийн дулааны цахилгаан станцад ажилласан юм.


Тус станц 1965 онд анхны эрчим хүчээ үйлдвэрлэснээс хойш эдүгээ тасралтгүй 50 гаруй жил ажиллаж байна.


Жилээс жилд өсөн нэмэгдэж буй хүн амын хэрэгцээнд тулгуурлах, эрчим хүчний найдвартай байдлыг тогтмол хангуулах үүднээс цахилгаан дулааны шинэ эх үүсвэр шаардлагатай байгаа тул төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх саналыг аймгийн удирдлагууд тавилаа.




Шинэ эх үүсвэр барих ажлыг шуурхай, цэгцтэй эхлүүлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар хэлсэн үгэндээ онцолж судалгаа, тооцооллыг шуурхай хийж цэгцтэй хийхийг үүрэг болгосон юм.


Дарханы ДЦС нь өнөөдрийн байдлаар 83 МВт хүчин чадалтай, нийтдээ есөн зуух ажиллуулж байна. 120 мянга цаг ажиллуулах ёстой турбин генераторууд 288-359 мянган цаг буюу ашиглалтын хугацаа гурав дахин хэтэрсэн гэж станцын удирдлагууд ярилаа.


Мөн 13.8 хувийн нөөцтэй байгаа нь цаашид Дархан хотыг дулааны эрчим хүчээр хангах боломж хязгаарлагдах нөхцөл үүсэх эрсдэлтэй гэв.




Хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр барилга, орон сууц, үйлдвэр, үйлчилгээний газруудыг олноор барьж байна. Үүнтэй уялдуулан өсөн нэмэгдэж буй хэрэглээг тооцоолоход 2027 онд 267 Гкал/ц-аар 893 мян.Гкал болж дулаан үйлдвэрлэлийн дээд хязгаарт хүрэх төлөвтэй байна.


Тиймээс Дархан хотод шинэ эх үүсвэрийг ойрын 2-3 жилийн дотор яаралтай барьж байгуулахаар техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж эхэлжээ.


Ирэх 2-4 жилийн хугацаанд шинээр барих дулааны цахилгаан станцын ажлыг Засгийн газраас дэмжиж ажиллана гэв.

相关新闻