БУЛГАН: Бөхийн барилдааны сүр жавхаа нь уран гараа, дэвээ, шаваандаа байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2026-02-22 19:01:30

Булган, 2026 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Булган Политехник коллеж аймгийн аварга шалгаруулах өсвөрийн үндэсний бөхийн барилдаан болон шагайн наадгайг тав дахь жилдээ зохион байгууллаа.  


Тус коллеж соёлын биет бус өв тээгч сургууль болох зорилтын хүрээнд монгол бөхийн “Уран гараа, дэвээ шаваа” анхдугаар уралдааныг санаачлан явуулж, үндэсний уламжлалт өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд онцгойлон анхаарчээ.


Тус сургууль 60 гаруй суралцагчийг хамруулсан бөхийн секцийг тогтмол хичээллүүлдэг бөгөөд суралцагч охид багш, ажилтан, албан хаагчидтайгаа хамтран зодог, шуудаг оёж, үндэсний бөхийн хувцас хэрэглэл урлах арга ухааныг өвлөн уламжилж байна. Өсвөрийн үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах барилдаанд 54 бөх хүч сорьсноос Б.Баяржавхлан түрүүлж, гагнуурчин мэргэжлийн 2Б ангийн суралцагч Д.Баатарчулуун үзүүрлэв.


“Уран гараа, дэвээ шаваа” уралдаанд “Биет бус өв тээгч бөх”-өөр суралцагч Д.Баяржаргал, гагнуурчин мэргэжлийн 1А ангийн суралцагч Х.Мөнгөншагай нар шалгарч, уран дэвээ, сүрт шаваагаараа бусдыгаа манлайлав. Тэд багш, сурагчдын урласан “Шаглаа бүрийн тоогоор даваасай” хэмээх ерөөл бүхий зодог, шуудгаар шагнуулжээ.


Шагайн наадгайн тэмцээнд Б.Ойгонцэцэг багштай 1В анги тэргүүн байр, Г.Эрдэнэбаяр багштай 3В анги дэд байр, Т.Даваахүү багштай гагнуурчин мэргэжлийн 1А анги гутгаар байрыг тус тус эзэлсэн байна.


Монгол бөхийн уламжлал ёсоор бөхчүүд барилдахын өмнө гарди, бүргэд, харцага, шонхор зэрэг жигүүртний шинжийг бэлгэдэн гараа, дэвээ, шаваагаа хийдэг нь сүр жавхлан илтгэхийн зэрэгцээ бие халаалтын үүрэгтэй. Гараа нь барилдааны талбайд гарахдаа гуяны өвөр талд хоёр, ард нь нэг удаа алгадаж, морь, сур, бөх хэмээх эрийн гурван наадмын утгыг илэрхийлдэг. Харин дэвэлтийн төгсгөлд нар зөв эргэн хагас сууж, баруун зүүн тийш цээжээ хагас эргүүлэн хийдэг шавалт нь жигүүртэн шувуу буух агшныг дүрслэх бэлгэдэлтэй.


Мөн бөхийн тахим өгөх, авах ёс нь барилдаан өндөрлөснийг илтгэх найрсаг хүндэтгэлийн хэлбэр юм. Унасан бөх элэг бүсээ тайлан давсан бөхийн баруун суганы доогуур гарч тахим өгдөг бол, хэрэв унасан нь өндөр цолтой бол бага цолтой давсан бөх нь тахим өгдөг журамтай. Ийнхүү барилдаанаас гадна үндэсний бөхийн ёс заншил, дэг жаягийг өсвөрийн бөхчүүд гүнзгийрүүлэн судалж, уламжлалт соёлыг өвлөн тээхэд идэвхтэй оролцож байна.


Сургуулийн багш нар зодог шуудаг оёх уламжлалт аргыг суралцагч хүүхдүүдэд зааж өгч үлгэрлэдэг



相关新闻