Булган, 2026 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Сар шинийн босгон дээр Булган аймгийн Могод сумын өндөр настан Г.Чимэд гуайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, гарын бэлгийг аймгийн Засаг даргын гарын бэлгийн хамт гардуулсан байна.
Цагаан сарын баярыг тохиолдуулан 90 ба түүнээс дээш настай ахмадуудад аймаг, нийслэлийн Засаг дарга нар, 100 ба түүнээс дээш настанд Монгол Улсын Ерөнхийлөгч хүндэтгэл илэрхийлдэг уламжлалтай.
Энэ уламжлалын дагуу зуу насыг насалж буй өндөр настанд аймгийн Засаг дарга Г.Пүрэв-Очир хүндэтгэл илэрхийллээ.
Өндөр настан Г.Чимэд нь 1926 онд Булган аймгийн Могод сумын 4 дүгээр баг, Баян-Уул багийн Их өвөлжөө хэмээх газарт төржээ. Тэрбээр залуу насандаа сангийн аж ахуйд саальчнаар ажиллаж, “Таван жилийн гавшгайч” цол хүртэж байв.
Г.Чимэд гуай таван хүүхэд төрүүлж өсгөн, эдүгээ таван үеэ үзэж, үр хүүхэд, ач зээ нарынхаа хүрээлэлд 100 насны ерөөл бялхуулан энх тунх амьдарч байна.
Аймгийн удирдлагууд өндөр настанд хүндэтгэл илэрхийлэх үеэрээ, эрүүл энх, урт удаан насалж, үр хүүхэд, ач зээ нартаа түшиг тулгуур болж явахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлжээ.
