ОРХОН: 1976 оны энэ өдөр Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн үндсэн цехийн суурийг тавьжээ
ФОТО МЭДЭЭ
Баян-Өндөр, 2026 оны хоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. ХХ зууны манлай бүтээн байгуулалт хэмээн үнэлэгддэг Эрдэнэт хот 1976 оны нэгдүгээр сарын 1-нд байгуулагдаж, Монгол Улсын гурав дахь том хот болсон түүхтэй.
1994 онд нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн шинэчлэлийн хүрээнд Орхон аймаг байгуулагдаж, Баян-Өндөр, Жаргалант гэсэн хоёр сумын бүтэцтэй болсон байна.
Өнөөдрийн байдлаар 100 гаруй мянган хүн амтай, 29 багт 30 мянга гаруй өрх оршин сууж байна. Хүн амын жилийн дундаж өсөлт 2.2 хувь бөгөөд нийт хүн амын 63.9 хувийг залуучууд бүрдүүлж байгаа юм.
Тэртээ 50 жилийн өмнө 1976 оны хоёрдугаар сард, Зөвлөлт Холбоот Улсын Коммунист намын XXV их хурал нээгдсэн өдөр Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн Баяжуулах фабрикийн үндсэн цехийн суурийг тавих ёслол болжээ.
Ёслолын үеэр барилгын IV удирдах газрын тэргүүний ажилчин М.Я.Кусик анхны суурийн бетоныг цутгасан байна.
1976 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Нунтаглан баяжуулах хэсгийн суурийг цутгаснаар Баяжуулах үйлдвэрийн барилгын ажил албан ёсоор эхэлсэн байна.
1978 оны есдүгээр сарын 22-нд Нунтаглан баяжуулах хэсгийн технологийн дамжлагын эхний ээлж, харин арванхоёрдугаар сарын 14-нд хүдрийн том, жижиг, дунд бутлуурыг хүлээн авснаар Баяжуулах үйлдвэр албан ёсоор байгуулагдсан түүхтэй.
Баяжуулах үйлдвэр нь технологийн горимыг бүрэн хангаж, зэс-молибдены хүдрийг бутлах, нунтаглах, хөвүүлэн баяжуулах, шүүн хатаах, ачих, хаягдал хуримтлуулах гэсэн үндсэн дамжлагын дагуу боловсруулдаг нарийн бүтэц, зохион байгуулалттай.
Энэ нь олон улсын ISO 9001 чанарын стандартад нийцсэн зэсийн (Cu) болон молибдены (Mo) баяжмал үйлдвэрлэдэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үндсэн цех юм.
Баяжуулах үйлдвэр нь 1980 оны зургаадугаар сард II ээлж, 1981 оны хоёрдугаар сард III ээлж, мөн оны зургаадугаар сард IV ээлжийг хүлээн авч, 1983 онд 16.3 сая тонн хүдэр боловсруулах төслийн хүчин чадалд хүрсэн.
Улмаар 1989 онд V ээлж, 1994 оны гуравдугаар сард VI ээлжийг ашиглалтад оруулсан бөгөөд жил бүр төслийн хүчин чадлаа нэмэгдүүлснээр 2019 онд 32.2 сая тонн хүдэр боловсруулсан байна.
Өнөөдрийн байдлаар хүдэр бэлтгэх технологийн хоёр шугам ажиллаж байна. Үүнээс нэг дэх шугам нь жилд 19.8 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Бутлан тээвэрлэх хэсэг нь хүдрийг конусан бутлуураар гурван үе шатаар буталж, шигшиж, цаашид Нунтаглан баяжуулах хэсгийн бөөрөнцөгт МШЦ-5.5×6.5 болон МШЦ-3.2×4.5 тээрмүүдээр хоёр үе шатаар нунтагладаг.
Хүдэр бэлтгэлийн хоёр дахь шугам нь жилд 18.2 сая тонн хүдэр хүлээн авах хүчин чадал бүхий Өөрөө нунтаглах хэсэг юм.
Хүдрийг хацарт бутлуураар буталж, бутлагдсан хүдэр эхний шатанд 160 м.куб болон 363 м.куб эзлэхүүн бүхий өөрөө нунтаглах ММС-90х30, МПСИ-9.75х4.88 тээрмүүдээр нунтаглаж, хоёр дахь шатанд 140 м.куб болон 341м.куб эзлэхүүнтэй бөөрөнцөгт МШЦ-5.5х6.5, МШЦ-6.7х9.75 тээрмүүдээр нунтагладаг. Нарийн ажиллагаатай технологийн энэхүү процессыг мэргэжлийн өндөр ур чадвартай мэргэжилтнүүд удирдан зохион байгуулдаг бөгөөд тус үйлдвэр нь 24 цагийн турш тасралтгүй ажилладаг.
Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч хамт олон хүдэр боловсруулах жилийн хүчин чадлыг 40 сая.тоннд хүргэн ажиллаж байна.
Эх сурвалж: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ,
“Эрдэнэтийн түүхийн он цагийн бичээс” ном. Х.Ганболд. 

Эрдэнэт хотын одоогийн БОЭТ.

“Найрамдлын Эрдэнэс” зуслан

ЗХУ болон Монгол уурхайчид







