Цагаачлал, визийн бодлогын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2026-02-24 17:06:26

Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНСУ-ын цагаачлал, визийн бодлогын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, иргэдийн зорчих асуудлыг хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын консулын XII зөвлөлдөх уулзалтын хүрээнд хэлэлцэж байна.


Энэ талаар ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр, БНСУ-ын Цагаачлал, гадаадын иргэдийн бодлогын газрын дарга Ча Юн Ху нар Сөүл хотноо уулзах үеэрээ хөндсөнийг ГИХГ мэдээлэв.


Монголын талаас БНСУ-ын визийн хянан шалгах явцыг хялбаршуулах, эрүүл мэндийн аяллын визийн нөхцөлийг хөнгөвчлөх, мөн хууль бусаар оршин суух зөрчлөөс сэргийлэхэд хамтран ажиллах санал тавьжээ. Монгол Улсын иргэд хүчин төгөлдөр визтэй ч хил дээрээс буцаж буй шалтгааныг судалж, хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааны уялдаа, мэдээлэл солилцоог сайжруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ боловсруулахыг онцолсон байна.


Уулзалтын дүнд хоёр орны иргэдийн зорчих хөдөлгөөнийг хууль ёсны, аюулгүй байдлаар дэмжих, хамтын ажиллагааг бэхжүүлэхээр Монгол Улс, БНСУ-ын Цагаачлалын байгууллага хоорондын яриа хэлэлцээний механизм “Immigration dialogue”-ыг нэвтрүүлэхээр болов. Энэ нь хоёр улсын хил, цагаачлалын салбарын системийн шинэчлэл, иргэд харилцан зорчиход үүсэж буй асуудлыг зөвшилцөх, шийдэх арга замыг эрэлхийлэхэд ач холбогдолтой юм.


Түүнчлэн, хоёр байгууллага хоорондын төрийн албан хаагч нарын харилцан солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохиролцжээ. 

相关新闻