Монголын сагсчид ДОАШТ-ий мөнгөн медаль хүртэж, түүхэн амжилтын эзэд болов
МОНГОЛЫН МЭДЭЭБНХАУ-ын Шиамень хотноо Дэлхийн оюутны сагсанбөмбөгийн 3х3 аварга шалгаруулах 3 дахь удаагийн тэмцээнээс Монгол Улсын сагсанбөмбөгийн шигшээ баг мөнгөн медаль хүртэж, Монголын багийн спортын төрлөөс хамгийн дээд амжилтыг тогтоож чадлаа.
Энэхүү тэмцээнийг Олон улсын оюутны спортын холбоо/FISU/, Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-той хамтран зохион байгуулдаг дэлхийд нэр хүндтэй тэмцээн билээ. Манай залуучуудын багийн хувьд 2015 онд болсон Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль хүртсэнээр Дэлхийн дэвжээнд өрсөлдөх эрхтэй болсон.
Харин 2016 оны ДОАШТ-ий B хэсэгт орсон манай баг хэсэгтээ БНХАУ, Тайланд, Малайз улсын багуудыг хожин Унгарт /15:10/ хожигдон тактикийн тоглолт хийж хэсгээсээ 2 дугаар байраар хасагдах шатанд шалгарсан.
Шигшээ 1/8-ийн нугалааны тоглолтонд Дэлхийд 10-т бичигддэг хүчирхэг Австралийн багийг /12:19/ хожин шилдэг дөрөвт шалгарсан. Ингээд мөнгөн медалийн төлөөх тоглолтонд А хэсгийн шилдэг багуудын нэг Дэлхийд 43-т эрэмбэлэгддэг Ливан улсын багийг /18:21/ харьцаатай хожиж, аваргын төлөө тоглох эрхийг авч чадсан юм.
Дэлхийн оюутны аварга буюу алтан медалийн төлөө Франц улсын багтай тунаж /12:19/ долоон онооны зөрүүгээр хожигдож аман хүзүүнд шалгарлаа. Франц улсын хувьд 2013 оны Европ тивийн аварга, олимпийн хоёр удаагийн мөнгөн медальт зэрэг амжилтаар сагсанбөмбөгөөр дэлхийд тэргүүлэгч орнуудын нэгд зүй ёсоор багтдаг.
Монголчууд сагсанбөмбөгийн төрлөөр Дэлхийн дэвжээнд ийнхүү анх удаа дээд түвшинд өрсөлдсөн нь анхны тохиолдол бөгөөд 2016 оны ДОАШТ-ий мөнгөн медалийн болзол хангасан нь манай улсын хувьд багийн спортын төрлөөр түүхэн дээд амжилт боллоо.
Монголын багийн бүрэлдэхүүнд Э. Дөлгөөн, А. Гансүх, Б.Батзолбоо, Г.Чинбат нар багтсан бөгөөд тэд бүгд Мон-Алтиус БТДС-д суралцдаг юм. Мөн багийн ахлагчаар М.Өсөхбаяр (Мон-Алтиус БТДС захирал), ерөнхий дасгалжуулагчаар С.Тулга ажилласан юм.
Д.Өлзий