Малчин өрхүүд өвөлжилтийн бэлтгэлээ хангалттай базаажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-11-25 13:22:59
Yesukheitumur Tumurbaatar

Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын дүнгээс үзэхэд малчин өрхийн 92.3 нь өвөлжилтийн бэлтгэл ажлаа бүрэн хангасан дүнтэй байгааг албаныхан мэдээлж байна.

Тодруулбал дундаас дээш тарга хүчтэй мал 92.1 хувь, хашаа саравчны тохижилт, дулаалга болон ариутгал халдваргүйтгэл 95 хувь, малчин өрхийн дулаан хувцас болон хоол хүнсний хангалт 100 хувь хангагдсан байна. Түүнчлэн түлээ түлшний хангалт 98 хувь, мал эмнэлгийн сангийн хангалт 84 хувь, мал эмнэлгийн арга хэмжээнд нийт мал сүргийн хамрагдалт 96 хувь, усан хангамж 93 хувиар тус тус хангагдсан байгаа аж.

Мал сүргийн хорогдолгүй өвөлжихийн тулд Монгол Улсын Засгийн газрын тогтоол, ХХААЯамны сайдын албан даалгавар, аймгийн Засаг даргын 335, 460, 564, 628 тоот захирамжуудыг хэрэгжүүлэх зорилгоор 27 сумын 97 багт 10502 малчин өрхүүдэд өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангуулах, арга хэмжээг авч ажилласан талаараа аймгийн ХХААГ-ын дарга Б.Жамбалдорж хэллээ.

Энэ хүрээнд малчин өрхийн хувийн бэлтгэлийг малчны хотонд хангуулах, малчин өрх, өвс хадлан тэжээлийн нөөцөө бүрдүүлэх, малдаа тарга хүч авахуулах, эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд мал сүргийг бүрэн хамруулах, өвөлжөөний бэлчээрээ чөлөөлөх, цаг хүндэрсэн үед гарах нөөц нутагт отор нүүдэл хийх зэрэг өөрсдөөс нь хамааралтай бүх ажлуудыг одоо байгаа хүч, нөөц боломжид тулгуурлан хийх талаар заавар зөвлөмж өгч ажилласан тухайгаа тэрээр танилцууллаа.

Энэ жил Төв аймгийн хэмжээнд 4.8 сая толгой мал өвөлжинө. Мөн  аймгийн хэмжээнд 5.2 сая га бэлчээр байгаа бөгөөд 4.3 сая толгой мал л өвөлжиж хаваржих боломжтой гэдгийг Төв аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Т.Есүхэйтөмөр

相关新闻