Дорноговийн залуу Монголын ширээний теннисний холбоог удирдахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-11-25 16:31:41

Монголын Ширээний теннисний холбооны 15 дахь чуулган энэ сарын 23-нд Улаанбаатар хотноо болов. Чуулганд  21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, бусад клубуудын төлөөлөгчид оролцсон бөгөөд ирэх жилүүдэд тус холбоог удирдах шинэ ерөнхийлөгчийг сонгох санал хураахад  Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Төмөрт өргөө” ХХК-ийн ерөнхий захирал  Ц.Гантулга  олонхын санал авч Монголын Ширээний теннисний холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Тус холбоог удирдах Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан сунгаанд Барилга хот байгуулалтын сайд Ц.Мөнхбаяр, “Эрдэнэс таван” толгой компанийн дэд захирал О.Одбаяр, “Драгон холдинг” группийн захирал С.Баярт, "Төмөрт-Өргөө" ХХК-ийн ерөнхий захирал,  Ц. Гантулга нар нэр дэвшихэд Ц.Мөнхбаяр, О.Одбаяр нар нэрээ татаж, С.Баярт  21 хувийн санал, Ц.Гантулга 93 хүний буюу 77,5 хувийн санал авч сонгогдсон байна.

Тэрээр Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян тосгоны ард иргэдийн итгэлийг хүлээж аймгийн ИТХ-д 3 удаа сонгогдоод байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд аймгийнхаа ширээний теннисний холбоог удирдаж орон нутагт улс бүсийн чанартай олон тэмцээн гардан зохион байгуулж, ширээний теннисийг орон нутагт хөгжүүлэхэд өөрийн хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлээ зориулж яваа  спортын зүтгэлтэн аж.

Мөн ширээний теннисээс гадна үндэсний бөх, морин спорт уяачдын салбарт идэвхтэй ажилладаг төдийгүй 2015 онд аймгийн алдарт уяач цол хүртэж байжээ.

Ц.Гантулга Монголын Үндэсний олимпын хорооны гишүүнээр давхар  ажиллах үүрэг хүлээж  хүн төрөлхтний их баяр  олимпийн тоглолтод монголын ширээний теннисний  тамирчдыг бэлтгэн оролцуулахын төлөө  ажиллахаар болов.  

Х.Эрдэнэбулган

 

相关新闻