Төрийн захиргааны албан хаагчийн “Тангараг өргөх ёслол” болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн төрийн захиргааны байгууллагад шинээр ажилд орсон албан хаагчдын туршилтын хугацаа дуусч “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг” өргөв.
“Тангараг өргүүлэх ёслол”-д аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, тус аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Ц.Сүхбаатар, тус салбар зөвлөлийн гишүүд болон хэлтэс, агентлагийн удирдлагууд оролцлоо. “Тангараг өргүүлэх тухай” Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг Төрийн албаны зөвлөлийн салбарын нарийн бичгийн дарга А.Лхагважаргал уншиж танилцуулсан бол “Хараа-Ерөө голын сав газрын захиргаа”-ны Усны барилга байгууламж, ус ашиглалт хариуцсан мэргэжилтэн Ц.Мэндбаяр тангарагийг дээдлэн уншиж тангараг бусад нэр бүхий 15 албан хаагчид дагаж дуудсан юм.
Монгол Улсын Үндсэн хуулинд “Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана” гэж заасан. Мөн үеэр аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат:-“Төр засгийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлж орон нутгийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд өөрсдийн эрдэм мэдлэг, авъяас чадвараа дайчилж идэвх санаачлагатай ажиллаж төрийн хуулийг дээдлэж өргөсөн тангаргаа нэр төртэйгээр биелүүлж ажиллаарай” гэж ерөөлөө”
Б.Норовсамбуу