Иргэний андгай өргөх ёслол боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬБүрэн эрхт улсаа тунхагласны баярын өдөр буюу арваннэгдүгээр сарын 26-нд Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын 16 нас хүрсэн сурагчдын төлөөлөл Монгол Улсын “Иргэний андгай” өргөлөө.
Залуу хойч үед эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх орноороо бахархах, үүрэг хариуцлагаа ухамсарлах, эх орондоо хэрэгтэй иргэн байх үзлийг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулсан энэхүү ёслолд Дорноговь аймгийн нийт 140 гаруй сурагч оролцсон бөгөөд тэд иргэний андгайгаа мөр мөрөөр нь уншиж мэдлэг боловсролтой, энэрэнгүй, иргэний үүргээ биелүүлдэг журамт иргэн байхаа андгайлав.
Иргэний андгай өргөх ёслолд тус аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Засаг даргын орлогч Б.Эрдэнэцэцэг, ЗДТГ-ын дарга Б.Ганзориг нарын албаны хүмүүс оролцож хүүхэд залууст хандаж хичээл номдоо шамдаж, эрдэм боловсролтой, хариуцлагатай иргэн болж төлөвшихийг захив.
Сайншанд сумын төр захиргааны хоёр дахь байр “Соёмбо” цогцолборын хүндэтгэлийн танхимд болсон дээрх арга хэмжээг тус ЗДТГ, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёлын газар, Залуучуудын холбоо, Залуучуудын хөгжлийн төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа.
Х.Эрдэнэбулган