Орос оюутнууд Дорноговь аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬОХУ-ын Эрхүү хотын Багшийн их сургуулийн төгсөх ангийн 12 оюутан энэ сарын 22-ноос эхлэн Дорноговь аймгийн Сайншанд хотод 14 хоногийн хугацаатай ажиллаж эхэллээ.
Орос оюутнууд Дорноговь аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон “Хөрш орнуудаасаа суралцья” хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу ажиллаж байгаа бөгөөд Сайншанд сумын ерөнхий боловсролын I,III сургуулийн дотуур байранд байрлаж байгаа аж.
Оюутнууд тус сумын ерөнхий боловсролын I,II,II,V сургуулийн орос хэлний багш нартай уулзан мэдлэг солилцож, багшлах арга зүй, хэлний чадварыг дээшлүүлэх талаар харилцан туршлага солилцож буйгаас гадна дунд сургуулийн сурагчдад орос хэлний хичээлийг зааж буй.
Энэ талаар тус аймгийн БСГ-ын ахлах мэргэжилтэн Д.Цэнгэлээс тодуулахад “Орос оюутнууд ажиллаж буйтай холбогдуулж БСГ-аас тусгай хөтөлбөр боловсруулж дээрх сургуулиудад хүргүүлсэн.Харин сургууль бүр өөрийн онцлогтоо тохирсон хөтөлбөрийг боловсруулж ажиллаж байна.
Ирэх долоо хоногийн сүүлчээр сургууль бүр нэг шинэлэг арга хэмжээ зохион байгуулна. Тухайлбал, орос хэл дээр театрчилсан үзүүлбэр, уран илтгэлийн тэмцээн, эсвэл орос дууны уралдаан гээд зохиогдоно”гэлээ.
Дунд сургуулийн сурагчдыг орос боловсрол эзэмшихэд нь туслах, орос орноос суралцах,орос боловсрол олж авахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой энэхүү арга хэмжээг цаашдаа хими, физик, математик гэх мэт тодорхой чиглэлээр мэргэжилтэн солилцох, оюутан элсүүлэх байдлаар өргөтгөж хамтран ажиллах тухай талууд ярилцжээ.
Дашрамд дурдахад орос хэлний хичээлийн цагийг дунд сургуулийн хичээлийн программд хасаж зөвхөн 7,8,9 дүгээр ангид долоо хоногт гурван цагаар ордог болсон нь сурагчдыг орос хэл сурах, орос хэлний боловсрол эзэмшихэд нь сөрөг нөлөөлөл үзүүлдэг болсон байна.
Х.Эрдэнэбулган