Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээ хийх чадавх сайжрав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-03-09 17:21:01

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны 3.9 сая ам.долларын санхүүжилтээр Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг барьж өнөөдөр ашиглалтад орууллаа.


Өргөтгөлийн барилга нь зөвхөн шинэ орон зай бус тусламж үйлчилгээний чанарыг шинэ түвшинд гаргах, эмч, ажилтнуудын ажлын орчныг сайжруулах, иргэдийн итгэл хүлээсэн аймгийн нэгдсэн эмнэлгийн жишиг загварыг бий болгож байгаагаараа онцлог юм.


ЭМЯ-наас мэдээлснээр, нийт 3.2 сая ам.долларын өртөг бүхий 400 гаруй нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр эмнэлгийн шинэ байрыг иж бүрэн тоноглон тохижуулж эмнэлгийн тусламж үйлчилгээг ард иргэддээ үзүүлж эхэлжээ. Тухайлбал, Siemens брэндийн 128 зүслэгтэй компьютер томографын аппарат, яаралтай тусламж, мэс засал, эрчимт эмчилгээ, дуран оношилгоо, гемодиализийн иж бүрэн тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Ингэснээр өмнө нь зөвхөн Улаанбаатар хотын эмнэлэгт хийдэг байсан нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээг Увс аймагт хийлгэх боломж бүрдэж байгаа юм.


Мөн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр орон нутгийн хөгжлийн сангаас 2.4 тэрбум төгрөгөөр өргөтгөлийн барилгын дулаан, цэвэр бохир ус, цахилгаан шугам сүлжээ болон цахилгааны дэд өртөөг шийдэж өгчээ.


Эмнэлгийн гадна орчны аюулгүй байдлыг сайжруулах үүднээс 66 ширхэг хяналтын камер шинээр суурилуулж, хяналтын өрөөг байгуулж, авто зогсоолыг 150 м.кв талбайгаар өргөтгөжээ. Үүний зэрэгцээ зарлан мэдээллэх системийг нэвтрүүлсэн нь эмнэлгийн дотоод аюулгүй байдлыг бүрэн хангах шинэ жишиг болов. Цахим аюулгүй байдлыг хангах хүрээнд гадны цахим халдлагаас эмнэлгийн дотоод сүлжээг хамгаалах "fire wall" төхөөрөмж суурилуулсан. Орон нутгийн хөгжлийн сангаас 48 сая төгрөгөөр хүчин чадал сайтай өндөр хурдны сервер шинэчлэн суурилуулсан байна. 


相关新闻