Эмийн бүртгэл, импорт, хяналт, түгээлтийн мэдээллийг нэгдсэн цахим системд оруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Эм хангамжийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, эрх зүйн орчин, тулгамдсан асуудал болон цаашдын хөгжлийн гарц шийдлийг хэлэлцэх зорилгоор “Эм зүйн удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг өчигдөр зохион байгууллаа.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, "Салбарын бүх оролцогч талууд нэг дор цуглаж, бодлогоо ярилцаж буй нь чухал. Эмийн ханган нийлүүлэлтийн тогтолцоонд төр хувийн хэвшлийн хийж ирсэн ажлыг булааж авах бодлого огт байхгүй. Харин эмийн логистик, хадгалалт, түгээлт, дистрибьютерийн тогтолцоог хувийн хэвшлийн чадавх, туршлага дээр тулгуурлан илүү үр ашигтай болгох бодлого баримталж байгаа"-г онцлов.
Тухайлбал, эмийн үнийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор em.hdc.gov.mn системийг e-barimt аппликейшнд холбон хөгжүүлж, 2.200 гаруй эмийн үнийн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгоод буй. Цаашид эмийн бүртгэл, импорт, хяналт, түгээлтийн мэдээллийг нэгдсэн цахим системд нэгтгэх ажлыг хэрэгжүүлэх ажээ.
Тус зөвлөгөөнд эм зүйн салбарын удирдах ажилтнууд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага, эрүүл мэндийн байгууллагын 130 гаруй салбарын мэргэжилтэн оролцсон талаар ЭМЯ-наас мэдээлэв.
