Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2026-03-11 17:19:05

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Замын-Үүд-Эрээн боомтын 1435 мм царигтай хоёр дахь төмөр замыг хамтран тавих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжив. Улмаар уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо. 


Хоёр тал тус боомтын галт тэрэг нэвтрүүлэх хүчин чадлыг үе шаттай нэмэгдүүлж ирсэн бөгөөд одоогоор улс хоорондын ачаа тээвэрлэлтийн хэмжээ нь тус хоёр хилийн өртөөдийн бүрэн хүчин чадалд хүрч, тээврийн өсөлтийг хязгаарлах болсон. 2025 оны байдлаар Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор хоногт дунджаар өргөн царигийн төмөр замаар 16, нарийн царигийн төмөр замаар 7.5 галт тэрэг тус тус солилцож, нийт 15.5 сая тонн ачаа нэвтрүүлээд байна.


Цаашид Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд хил дамнасан нарийн царигтай 2 дахь замын гарцыг бий болгох, Замын-Үүд өртөө болон нарийн царигийн төмөр зам, ачаа шилжүүлэн ачих байгууламжийг өргөтгөх шаардлагатай байгаа юм гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.

相关新闻