“Монгол жүдочид” баримтат кино дэлхий нийтэд цацагдлаа
МОНГОЛЫН МЭДЭЭДэлхийн жүдочдын талаарх баримтат кино, зар сурталчилгаагаар алдартай "Fighting Films" кино компанийн хийсэн "Монгол жүдочид" баримтат кино өнөөдөр дэлхий нийтэд цацагдлаа.
Энэхүү кинонд 2004 оны Афины олимпийн хүрэл медальт, 2009 оны дэлхийн аварга Х.Цагаанбаатар, ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин, Азийн наадмын хошой аварга Д.Төмөрхүлэг нар оролцжээ.
"Figthing Films" кино компанийн ерөнхий найруулагч уг киноны талаар бичсэн захидалд Х.Цагаанбаатарын талаар "Түүн шиг дөрвөн жинд амжилттай барилдсан бөх ховор. Тэр 2004 онд олимпийн наадмаас 60 кг-д хүрэл медаль хүртэж, 66 кг-д дэлхийн аварга болж, 73 кг-д барилдахдаа 2013 оны Парисын Их дуулгад түрүүлж, 81 кг-д Дэлхийн цомын АШТ-ээс хүрэл медаль хүртсэн " хэмээн онцолсон байна.
Дашрамд сонирхуулахад, Жүдо бөхийн хувцас хэрэгслийн үйлдвэрлэл болон олимп, дэлхийн аваргын тэмцээний үеэр баримтат кино, цуврал нэвтрүүлэг хийдэг дэлхийд алдартай “Fighting Films” компани Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-той албан ёсны эрхтэйгээр хамтран ажилладаг. Дэлхийд алдартай 30 гаруй жилийн түүхтэй "Figthing Films" хэмээх Английн компанитай монгол жүдочид ийнхүү хамтран ажиллажээ.
Д.Өлзий