Дэлхийн адууны өдрийг угтаж Болгарын уламжлалт баяр “Тодоровын өдөр”-т зориулсан хурдан морины уралдаан зохион байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж, НҮБ-аас баталсан “Дэлхийн адууны өдөр”-ийг энэ оны долоодугаар сарын 11-13-нд анх удаа өргөн хүрээнд тэмдэглэж, 56 орны 10 мянган морьтны жагсаалыг Монголд зохион байгуулна.
Энэ хүрээнд “Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулагдаж, бэлтгэл ажлыг хангаж байна.
Дэлхийн адууны өдрийг угтаж Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Элчин сайдын яам Своге мужийн захиргаатай хамтран Болгарын уламжлалт баяр “Тодоровын өдөр”-т зориулсан хурдан морины уралдааныг хоёрдугаар сарын 28-ны өдөр 22 дахь жилдээ зохион байгууллаа. Энэ удаагийн хурдан морины уралдаан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоол батлагдсаны дараа болж буйгаараа онцлог боллоо.
“Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын гишүүн 56 улс хамтран санаачилсан бөгөөд тэдгээрийн нэг нь манай улсын 75 жилийн түүхэн харилцаатай Болгар Улс юм. Болгарын ард түмэн адуу нь ахуй амьдрал тэтгэгч, аз жаргал, эр зориг, эрх чөлөөний бэлгэдэл хэмээн дээдэлдэг уламжлалтай.
Уг арга хэмжээнд Болгар Улсын Ардын Хурал, Гадаад хэргийн яам, тус улсад суугаа гадаадын 21 орны Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, болгар иргэд, тус улсад сурч, ажиллаж, амьдарч буй монгол иргэд зэрэг 2500 гаруй хүн оролцлоо.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаа нээлтийн үг хэлсэн бол Своге мужийн орлогч дарга Нина Копринджийска үг хэлж, Болгар Улсын Ардын Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга, Болгар-Монголын парламент дахь найрамдлын бүлгийн дарга Росица Кировагийн мэндчилгээг уламжлав.
Түрүүлсэн морины эзэнд Монгол Улсын Элчин сайдын яамны нэрэмжит цом гардуулав. Энэ үеэр Франц Улсад ажиллаж, амьдардаг уртын дуучин, морин хуурч, хөөмийч Д.Мандахжаргал, Чех Улсааас морин хуурч Ц.Мөнх-Эрдэнэ, шанзчин М.Уранзаяа нар монгол ардын уртын дуу, хөөмий, морин хуур, шанз хөгжмийн аялгуу үзэгч олонд толилууллаа.
Тус үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн Болгар Улсын Ардын Хурлын гишүүн, парламент дахь Болгар-Монголын найрамдлын бүлгийн гишүүн Владимир Владимиров Георгиев, ХБНГУ-аас БНБУ-д суугаа Элчин сайд Ирене Мариа Планк, БНХАУ-ын Элчин сайд Дай Цинли, Казакстан Улсын Элчин сайд Виктор Темирбаяев нар телевизийн ярилцлага өгөв. Мөн Арабын Бүгд Найрамдах Египет Улсаас БНБУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Надер Саад видеогоор мэндчилгээ ирүүлэв.
БНХАУ-аас БНБУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дай Цинли:
-Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр” тэмдэглэх тухай тогтоолыг БНХАУ дэмжиж, хамтран санаачилсан. Хилийн чанадад хурдан морины уралдаан болж, Гал морин жил ийнхүү НҮБ-ын тогтоол хэрэгжиж байгаа нь онцлог байна. Хятадын ард түмний хувьд ч адуу бол эрхэмлэн дээдэлдэг амьтны нэг учраас “Дэлхийн адууны өдөр”-ийн тухай тогтоол, өнөөдрийн энэхүү арга хэмжээ аль аль нь бидний хувьд чухал юм.
Бүгд Найрамдах Казахстан Улсаас БНБУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Виктор Темирбаяев:
-Казахуудын хувьд морь бол амьдрал, соёл, түүхийн үндэс суурь , эрх чөлөө, сүр хүч, өвөг дээдсийн холбоог бэлгэддэг. Нүүдэлчдийн хамгийн гол туслагч нь адуу, бас баялгийнх нь хэмжүүр ч болдог. Адуу бидний хувьд соёлын онцгой утга агуулгатай. Казах ардын домог, дуу хуурт морийг хүмүүний “жигүүр”, үнэнч анд нөхөр гэж дүрсэлдэг. Өнөө үед ч морь нь казах үндэстний өөрийн онцлог, үнэлэмжийн салшгүй хэсэг хэвээр байна.
ХБНГУ-аас БНБУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ирене Мариа Планк:
-Морь бол газар тариаланд салшгүй нэгэн хэсэг, чухал хэрэгцээ нь байж, хот, улс орнуудыг холбон, дайн тулааны хувь заяаг шийддэг байсан. Германы үлгэр, домогт морийг онцгойлон дээдэлдэг байсны илэрхийлэл нь Дээд бурхан Один хүртэл найман хөлт морь унадаг хэмээн өгүүлдэг. Дундад зууны үед морь нь байлдааны гол хүч болж, язгууртны зэрэг зиндааны бэлгэдэл байлаа. Олон зууны турш, бүр өнгөрсөн зууны дунд үе хүртэл Германд морийг газар тариалангийн “овъёосоор ажилладаг хөдөлгүүр” гэж нэрлэдэг байсан юм. Өнөөдрийн энэхүү баяр болон Тодоровын өдөр нь хүн төрөлхтөн аналог ертөнцөөс бүрэн дижитал ертөнц рүү шилжээгүй гэдгийг харуулж байна. Хүн, морины хооронд харилцааны өөрчлөлт гарсан ч гүн гүнзгий, ойр хэвээр үлдсэн байна.
БНБУ-ын Ардын хурлын гишүүн, Болгар-Монголын найрамдлын бүлгийн гишүүн Владимир Георгиев, Монгол Улсын ЭСЯ-наас Своге мужийн захиргаатай хамтран зохион байгуулж буй Тодоровын өдрийн баярт Элчин сайд Л.Саянаагийн урилгаар оролцож байгаадаа туйлын баяртай байна. Энэхүү баяр нь адууг дээдлэх ардын уламжлалыг толилуулж, өргөн утга агуулгатай, онц сонирхолтой үйл явдал болж байна. Уг арга хэмжээг уламжлал болгож, амжилттай зохион байгуулсаар ирсэн ЭСЯ-ны хамт олон, Своге мужийн захиргаанд баярлалаа хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Арабын Бүгд Найрамдах Египет Улсаас БНБУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Надер Саад, Монгол Улсын санаачилгаар НҮБ “Дэлхийн адууны өдөр”-ийг тунхаглан тогтоол гаргахад Египет Улс дэмжин хамтран ажилласныг онцлоод Софи дахь Элчин сайдын яамнаас Своге мужийн захиргаатай хамтран жил бүр зохион байгуулдаг “Тодоровын өдөр”-ийн хурдан морины уралдаан нь адууг хамгаалах, адууг дээдлэх ёс уламжлалыг дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээлээ.



