30 найрагчийн бүтээлийг монгол бичгээр "урлав"

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-03-19 18:43:44

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Дэлхийн яруу найргийн өдрийг угтан, Монголын Зохиолчдын Эвлэл болон Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв хамтран “Нэг ертөнц” монгол уран бичлэгийн үзэсгэлэн, яруу найргийн уншлагыг өнөөдөр зохион байгууллаа.


Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн “Орд” арт галерейд болсон тус үйл ажиллагаанд 30 найрагчийн бүтээлийг тус төвийн сурагчид уран бичиж, үзэгчдэд хүргэж буйгаараа онцлог юм. Уламжлал ёсоор үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон зохиолч, яруу найрагчид уран бүтээлээсээ уншиж сонирхууллаа.


Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилиг ярихдаа, 

“Манай төв хүүхэд багачуудын дунд үндэснийхээ бичиг соёлыг сурталчлан таниулахад ихээхэн анхаарч анхан, дунд, гүнзгий гэсэн гурван түвшинд сургалт явуулдаг. Энэ удаа монголын авьяаслаг найрагчдын бүтээлүүдээс хүүхэд, залуучуудад таниулах, үндэснийхээ бичиг соёлыг сурталчлах зорилготой уг үзэсгэлэнг зохион байгуулж байна. Үзэсгэлэн маань тодорхой хугацаанд завсарлаад байсныг энэ жил ийнхүү сэргээж, гурав дахь удаагаа зохион байгуулж байна” хэмээн онцолсон юм.


13 дугаар сургуулийн 11-ийн Г ангийн сурагч Г.Намуунцэцэг ярихдаа,

“Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвд гурав дахь жилдээ суралцаж байна. Энэ үзэсгэлэнд МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Гантулгын “Цасан дундуур” шүлгийг бичиж оролцсон. Энэхүү шүлэг нь маш яруу, өгүүллэгийн шинжтэй бичигдсэн. Дунд ангиасаа үндэснийхээ бичгийг сонирхон сурч эхэлсэн ч анхандаа тийм сайн байгаагүй. Гэвч сонирхлоо хобби болгон ур чадвар мэдлэгээ хөгжүүлж, тууштай бичсээр ирсэн. Бийрээр бичихэд бясалгалын адил төвлөрөл, маш их тайвшрал мэдрэгддэг. Бичиж байх явцад буруу бичих, үгээ мартах зэрэг асуудал гарч болно. Тиймд бичихээсээ өмнө сэтгэл зүйгээ бэлдэх их чухал байдаг” гэв.


Тус үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.







 

相关新闻