“Түрээсийн орон сууц”-нд 30 гаруй өрх орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-11-29 09:10:10
oyuka_hu@yahoo.com

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдсан иргэдэд Орхон аймгийн Засаг дарга “Батламж” гардууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 6-р сарын 15-ы өдрийн 248-р тогтоолыг үндэслэж аймгийн Засаг дарга 2016 оны 9-р сарын 12-ны өдөр А/448 дугаар захирамж гаргаж  “Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Үүний дагуу 34 айл орон сууцтай болж 1-3 өрөө байрыг 1-5 жилийн хугацаатай түрээсийн гэрээгээр эзэмшихээр боллоо. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд  Орхон аймаг “Орон нутгийн хөгжлийн сан”-ын  хоёр тэрбум төгрөгөөр  Дэнж багт байрлах “Баян-Өндөр” хороололд 40 айлын орон сууц худалдан авч үүнийхээ 34-ыг хөгжлийн бэрхшээлтэй, төрийн албан хаагч, залуу гэр бүл, ахмад настан, өрх толгойлсон эцэг, эх, хувийн хэвшилд ажиллаж буй иргэдийн төлөөлөлд өглөө.

Өнөөдрийн байдлаар Орхон аймагт нэг өрөө байрны сарын түрээс 300-350 мянган төгрөг байгаа бол “Түрээсийн орон сууц”-ны нэг өрөө байр 124 мянган төгрөг байгаа юм. Иймд хямд өртгөөр таван жил хүртэлх хугацаагаар амьдрах боломж бүрдэж байгаад иргэд таатай байна.

Б.Оюун-Эрдэнэ

相关新闻