Цэцэг өвчин гарсантай холбоотойгоор амьд мал тээвэрлэхгүй байхыг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн хэлтэс хонь, ямааны цэцэг өвчний тархалтын талаарх мэдээлэл хийлээ.
“Цэцэг өвчний анхны тохиолдол өнгөрсөн оны нэгдүгээр сард Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд бүртгэгдсэн бол өнөөдрийн байдлаар 12 аймгийн 64 суманд уг өвчин гараад байна. Иймд улсын хэмжээнд Өмнөговь аймгийн Ханхонгор, Төв аймгийн Баян, Жаргалант, Сэлэнгэ аймгийн Орхон, Орхонтуул, Булган аймгийн Могод, Гурван булаг, Архангай аймгийн Хашаат, Өгий нуур суманд цэцэг өвчин гарсантай холбоотойгоор хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Өөрөөр хэлбэл, уг өвчний тархалт зүүн аймгаас баруун аймгууд руу чиглэж байна. Тиймээс голомттой бүс нутгаас Орхон аймаг руу чиглэж буй хөдөлгөөнийг хорихыг Улсын онцгой комисс өгсөн” гэж ХХААГ-ын Мал эмнэлгийн хэлтсийн дарга Г.Одсүрэн ярьлаа. Мөн амьд малыг тээвэрлэхгүй байхыг анхаарууллаа. Энэ онд тус аймагт 134.6 мянган толгой мал тоологдсон. Одоогоор малын халдварт өвчин бүртгэгдээгүй байна.
Б.Оюун-Эрдэнэ