K-Culture, соёлын солилцооны шинэ чиг хандлагын талаар хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. “Дэлхийн соёлын солилцооны ирээдүй ба K-Culture” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг “Чингис хаан” үндэсний музейд өнөөдөр зохион байгууллаа.
Энэхүү олон улсын хуралд Монгол, БНСУ, АНУ, Япон, Норвеги зэрэг улсын эрдэмтэн, судлаачид оролцож, дэлхий дахинд эрчимтэй тархаж буй K-Culture, соёлын солилцооны шинэ чиг хандлага, зөөлөн хүчний нөлөө зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэв.
Хуралд АНУ-ын Пенсильвани мужийн их сургуулийн доктор Сэм Ричардс “Солонгосын соёлын бүтээлч байдал ба К-контентын хүч” сэдвээр, Монгол Улсын СУИС-ийн доктор Ж.Эрхэмтөгс "Монголын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийн асуудал", Норвегийн Ослогийн их сургуулийн доктор Пак Нужа Хан Ган зохиолчийн “Бид мартахгүй зохиол”: Бусдын зовлонг хэр мэдэрч ойлгож чадах вэ?" зэрэг сонирхолтой сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тус хуралд МУИС-ийн доктор Э.Саранцэцэг “Монгол дахь Солонгос бизнес эрхлэгчдийн соёлын дасан зохицол ба бизнесийн орчин” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ, “Даяаршлын эрчимжилттэй уялдан гадаад бизнес эрхлэгчдийн соёлын дасан зохицол нь эрдэм шинжилгээнд чухал сэдвийн нэг болж байна. Солонгосын зөөлөн хүчний бодлогын 3.0 болох К-соёл дэлхийн орнуудад хүч түрэн орж ирж буй энэ үед К-бизнесийг ч орхигдуулахгүй судлах шаардлага тулгарч байна. Олон улсын бизнесийн судалгаанд соёлын ялгаа, дасан зохицол нь гадаад зах зээлд амжилттай үйл ажиллагаа явуулах чухал хүчин зүйл болохыг тогтоосон боловч Монгол-Солонгосын бизнес харилцааны хүрээнд Солонгос бизнес эрхлэгчдийн соёлын дасан зохицол, бизнесийн орны онцлогийг эмпирик байдлаар судалсан судалгаа хязгаарлагдмал хэвээр байна. Ялангуяа харилцааны хэв маяг, итгэлцэл бүрдүүлэх механизм, шийдвэр гаргалтын професс, гэрээний хэрэгжилт зэрэг асуудал бизнесийн бодит үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгааг нарийвчилсан шинжлэх шаардлага тулгарч байна” хэмээн дурдав.
Тус хурлыг Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Солонгос судлалын хүрээлэнгээс санаачлан ССАЖЗЯ, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулсан юм.




