Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн ёслол болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136 @gmail.com
2026-03-20 17:57:43

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор суут найрагч Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн ёслолыг Монгол Улсын Филармонийн их танхимд зохион байгууллаа.


Ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал оролцож, Чойномын уран бүтээл, эрх чөлөөний үнэ цэнийг онцлон үг хэлэв.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам мэндчилгээ дэвшүүлж, энэ онд тохиож буй Д. Нацагдорж, Ж. Бадраа, Р. Чойном нарын тэгш ойг тэмдэглэх нь залуу үед үндэсний үнэт зүйлийг залгамжлан өвлүүлэх, сурталчлан таниулах, бахархах соёл төлөвшүүлэх ач холбогдолтойг тодотголоо. Тэрбээр соёлын дархлааг бэхжүүлэх, утга зохиолын салбарыг бодлогоор дэмжих, өв санг түгээн дэлгэрүүлэх ажлыг тууштай дэмжин хэрэгжүүлж байгаа онцлов.

Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн тэргүүн Д.Ганболд, түүний ар гэрийн төлөөлөл оролцож, өвийг хамгаалах, залуу үеийг соён гэгээрүүлэх ажлыг хамтран хэрэгжүүлэхээ илэрхийлэв.

Монгол Улсын Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Л.Дашням, Монгол Улсын төрийн дээд шагнал, Тэргүүн зэргийн Чингис хаан одонт, хуульч С.Нарангэрэл, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Чойномын шагналт Д.Цоодол, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Т.Галсан нар оролцож, Чойномын уран бүтээлийн үнэ цэн, эрх чөлөөт сэтгэлгээний ач холбогдлыг онцлон үг хэлэв.

Р.Чойномын амьдрал, уран бүтээл нь Монголын орчин үеийн утга зохиол дахь эрх чөлөөт сэтгэлгээний бэлгэ тэмдэг юм. Түүний туулсан замнал, хүсэл зориг нь ирээдүйн залуу уран бүтээлчдэд үнэнийг эрэлхийлэх зориг, оюун санааны эрх чөлөөг эрхэмлэхийн чухлыг харуулдаг.

Энэ үеэр Р.Чойномын шүлэг, уран бүтээлийг уншиж, хөгжмийн бүтээлээр баяжуулсан хүндэтгэлийн тоглолт өрнөсөн нь түүний өвийг олон нийтэд дахин таниулснаараа онцлог байлаа.









相关新闻