Сүрьеэгийн өвчлөл эрэгтэйчүүдийн дунд харьцангуй их байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-03-24 09:02:19

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, 2025 онд Монгол Улсад сүрьеэгийн нийт 2851 тохиолдол бүртгэгдэж, уг өвчний улмаас 182 хүн нас баржээ.


Нийт батлагдсан тохиолдлын 165 нь хүүхэд байна. Өвчлөгсдийн 63.1 хувийг эрэгтэй, 36.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа нь эрэгтэйчүүдийн дунд өвчлөл харьцангуй их байгааг харуулж байна.


Сүрьеэгийн тархалтыг авч үзвэл нийт тохиолдлын 57.2 хувь нь Улаанбаатар хотод, 40.6 хувь нь орон нутагт, 2.2 хувь нь хорих байгууллагад бүртгэгджээ. Эмчилгээний үр дүнгийн хувьд, халдварт хэлбэрийн сүрьеэгийн эмчилгээ 78.4 хувь, олон эмд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээ 65.3 хувийн амжилттай байгаа нь цаашид эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах шаардлагатайг харуулж байгаа юм.


相关新闻